“Алтан элс”-ийнхэн алдаагаа хүлээн зөвшөөрөөгүй бололтой

Хуучирсан мэдээ: 2012.09.08-нд нийтлэгдсэн

“Алтан элс”-ийнхэн алдаагаа хүлээн зөвшөөрөөгүй бололтой

“Алтан элс”-ийнхэн алдаагаа хүлээн зөвшөөрөөгүй бололтой

Баянгол дүүргийн V хороо Н.П.Шастины нэрэмжит III эмнэлгийн хажууд байрлах “Лунобо” компанийн “Алтан Элс” дотрын клиникийн сувилалд хэвтэн эмчлүүлж байсан 17 эмчлүүлэгчийн 14 хүн эм тариандаа хордсон хэрэг энэ сарын 5-наас 6-нд шилжих шөнө гарсан. НМХГ-ын байцаагчид “Алтан элс” эмнэлгийн үйл ажиллагааг түр зогсоох шийдвэр гаргасан бол нарийн мэргэжлийн эмч нар өвчтөнүүдийн биеийн байдлыг үзэж харъяа дүүргийн Нэгдсэн эмнэлэгт хүргэх шийдвэр гаргасан. Харин цагдаагийн байгууллага холбогдох баримт, эм тариаг битүүмжлэн  эмнэлгийн захирал Б.Цэндсүрэн болон ажилтнуудыг шалгаж, мэдүүлэг авч эхэлжээ.

Энэхүү үйл явдлын мөрөөр “Алтан элс” эмнэлгийн байранд өнөөдөр 11.00 цагт  очсон юм. Таван давхар байшин дотор есөн шидийн эмнэлэг, худалдаа үйлчилгээний байгууллагууд чихэлдэн байрладаг аж.

Жишээлэхэд, “Тэнгэрийн оточ”, “Ливер ген”, “Их задь”, “Гэрэлт чагнуур”, “Удам”, “ОБЦ”, “Мед аналитика төв” гэх мэт 20 шахам эмнэлэг байрладаг аж. Мөн саун, массажны газар, гоо сайхан, хүнсний дэлгүүр, элэг, зүрхний эмнэлгийн тоног төхөөрөмж, зүү төөнүүр, бариа засал, эмэгтэйчүүдийн эхо гээд байхгүй юм  алга. Ханаараа дүүрэн байгууллагын нэр хадсан, өрөө болгон нь нэг байгууллага болсон энэ газрыг мэргэжлийн хяналтын үйл ажиллагаа явуулдаг байгууллага олж харсан л байлтай.

Харин 14 өвчтөн нь хордоод, үйл ажиллагаа явуулах эрхийг хаасан байтал “Алтан элс” эмнэлэг үүдэндээ “Аравдугаар сарын 01 хүртэл засвар хийх тул түр ажиллахгүй” гэсэн бичгийг хадсан байх юм. Миний бодлоор “Уучлаарай, Манай өвчтөнүүд хордсон тул үйл ажиллагаа явуулах эрхээ хасуулсан” гэж бичмээр…

Эх сурвалжуудын мэдээлснээр “Эмнэлгийн захирал Б.Цэндсүрэнгийн нөхөр “Луноба” компанийн захирал Л.Базаррагчаа элс олборлодог бизнес эрхэлж байсан аж. Тиймээс эмч биш, сувилагч биш, эдийн засагч мэргэжилтэй эхнэр Б.Цэндсүрэндээ “Алтан элс” сувиллыг байгуулж өгсөн” байх юм. Энэ тухай тодруулахаар захирал Б.Цэндсүрэнтэй утсаар холбогдох гэсэн боловч холбогдохгүй байсан юм. Гэхдээ энэ бүхнийг шалгадаг байгууллагууд нь шалгаад үнэн мөнийг нь нийтэд дэлгэнэ гэдэгт найдаж байна.

Өвчтөнүүд хордсон өдрийг эргэн сануулахад,

Тухайн өдрийн 12.00 цагийн эмчилгээнд “Рибоксин”, “Витамин С”, “Витамин РР”, “Натри салицилат”, “Метрогель”, “Кали смесс” зэрэг эм тариа хийсэн байна. Эмчилгээг хийлгэсний дараагаар буюу 13.00 цагаас эхлэн эмчлүүлгсдийн бие тавгүйтэж, толгой эргэх, чичрэх, халуурах,  бөөлжих зэрэг шинж тэмдэг илэрч эхэлжээ. Энэ тухай эмнэлгийн дарга н.Цэндсүрэнд мэдэгдэхэд халуун бууруулж өвчин намдаах зорилгоор “Анальгин”, “Демидрол”, тарьж, “Парацетамол” зэрэг эмийг уулгасан бөгөөд хэсэг хугацаанд өвчтнүүдийн биеийн байдал дээрдсэн аж. Гэтэл оройн 18.00-20.00 цагийн үед өвчтөнүүд дахин халуурч эхэлжээ.Тиймээс өвчин намдаах тариа тарин, түргэн тусламж дуудсан байна. Яаралтай тусламжийн төвийн эмч нар өвчтөнүүдийг нэг бүрчлэн үзээд эмийн болон хоолны хурц хордлого байхгүй, эмийн гаж нөлөө илэрсэн тул Хордлогын үндэсний төвд шилжүүлэх шаардлагагүй гэж үзэн харъяа дүүргийн эмнэлэгт шилжүүлж, эмчилгээ хийж эхлээд байгаа юм.

Ямартай ч эмч нар эмтэй холбоотой бага зэргийн урвал илэрчээ гэсэн дүгнэлтийг урьдчилсан байдлаар гаргаад байгаа. Хэргийн шалтгааныг тодруулахаар  НМХГ-аас хэрэглэсэн эм тариа болон хоолноос дээж авч шинжилгээнд өгсөн бөгөөд шинжилгээний хариуг хоёр долоо хоног хүлээх л үлдлээ.

Д.ЖАРГАЛСҮРЭН
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж