”Сэтгүүл дээр гарсан цуваа тэр чигээрээ архив болдог”

Хуучирсан мэдээ: 2012.09.08-нд нийтлэгдсэн

”Сэтгүүл дээр гарсан цуваа тэр чигээрээ архив болдог”

Монгол улсын Манлай уяач Б.Содномцогтой ярилцлаа.


Өдгөө гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж байгаа хурдан морь сонирхогчдын “Тод магнай” сэтгүүлийн “Уншигчийн индэр” буландаа Манлай уяач Б.Содномцогтой холбогдож, санал бодлыг нь сонслоо. “Тод магнай” сэтгүүлийг гарсан цагаас эхлэн үнэнч уншигч нь байж, морины талаар мэдэхгүй зүйлд тусламж хүсэхэд харамгүй сэтгэлээр тусалдаг Манлайтай ийнхүү бяцхан яриа өрнүүлсэн юм.

– “Тод магнай” сэтгүүлтэй “танилцаад” хэр удаж байна вэ?

– Хурдан морь сонирхогчдын “Тод магнай” сэтгүүлийг гарсан цагаас нь л мэднэ. Захиалчихдаг болохоор бүх дугаар нь хадгалаастай байгаа.

– Таны хувьд  ямар мэдээллийг нь илүү шимтэн уншдаг вэ?

–  Бүгдээрээ л сонирхолтой байдаг. Тэр тусмаа зөвлөгөөнүүд. Бид чинь шинэ гарч байгаа эм бэлдмэлийн талаар тэр бүр мэдэхгүй юм. Мэдээж зочдын яриа ч амттай даа. За тэгээд уралдааны цуваанууд байна. Хэдийгээр тухайн үедээ сонсдог, заримд нь оролцдог ч цаг хугацааны саатанд мартаж орхих магадлалтай. Харин ингээд гарчихаад сайхан архивтай болчихож байгаа юм даа. Энэ мэтчилэн олныг ярьж болно. Моринд шинээр орж байгаа залууст хэрэгтэй мэдээлэл их багтсан байдаг болохоор  “Тод магнай”-д уяачид ам сайтай байдаг юм. 

-Баярлалаа. Энэ удаад Манлайн саналыг сонирхмоор байна. Таныхаар ямар мэдээ мэдээллийг оруулмаар санагддаг вэ?

– Уяаны үе дэх аливаа эмчилгээ сувилгааны талаар зөвлөгөө өгч байвал сайн байна. Адууны өвчин эмгэгийн үед хэрэглэх арга засал, эм тариаг илүү дэлгэрэнгүй оруулж байвал хөдөө хөхөрч, гадаа гандаж явдаг хөх уяачдад маань хэрэгтэй юм болов уу.

-Санал бодлоо хуваалцсан танд баярлалаа. Таныг хурдан тууртын босоо цагаан хийморь өнөд ивээж явах болтугай.

А.ЭНХЖИЛ

Эх сурвалж: www.todmagnai.mn


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж