Б.Обамагийн постерыг зурсан зураач тэнсэн авчээ

Хуучирсан мэдээ: 2012.09.08-нд нийтлэгдсэн

Б.Обамагийн постерыг зурсан зураач тэнсэн авчээ

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамаг 2008 оны сонгуулийн өмнө Сенатын гишүүн байхад “Итгэл найдвар” нэртэй улаан, цагаан хөх өнгө хосолсон  постерыг  зурсан зураач хоёр жилийн тэнсэн авчээ. Ассошиэтед пресс агентлаг 2009 онд Шепард Фейриг тус агентлагийн гэрэл зурагчны дарсан Барак Обамагийн нэр алдарт гараагүй байх үеийн гэрэл зургийг зөвшөөрөлгүй ашигласан гэж шүүхэд өгсөн аж.

Харин Шепард Фейри Барак Обамагийн постерыг түүний өөрийнх нь хөрөг болон Холливудын жүжигчин Жорж Клунигийн гэрэл зургаас жишээ авч зурсан бөгөөд өөрийгөө тэдний гэрэл зургийг ашиглах эрхтэй гэж Ассошиэтед пресс агентлагтай заргалдаж байжээ.

Харин Нью Йоркийн шүүх түүнийг нотлох баримтыг устгаж, өөр баримтаар шүүхийг төөрөгдүүлсэн гэж буруутган, хоёр жилийн тэнсэн харгалзах ял оноосон байна. Шепард Фейрид шүүх Ассошиэтед пресс агентлагийн  гэрэл зурагчны зургийг зөвшөөрөлгүй ашигласан гэж 25,000 ам.долларын торгууль ноогдуулжээ.

Н.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж