Канад Ираны дипломатуудыг хөөв

Хуучирсан мэдээ: 2012.09.08-нд нийтлэгдсэн

Канад Ираны дипломатуудыг хөөв

Канад Иранаас дипломат харилцаагаа тасалж, Тегеран дахь Элчин сайдын яамаа хааж, тус улсын элчин, дипломат ажилтнуудыг өөрийн улсаас гарч явахад таван хоногийн хугацаа өгчээ.

Израйлийн ойрын холбоотон Канадын Консерватив Засгийн газар Исламын Бүгд найрамдах Ирантай эртнээс ээдрээтэй харилцаатай байсан аж. Канадын Гадаад харилцааны сайд Жон Байрд Ираны цөмийн хөтөлбөр нь Израйльд заналхийлэхийн зэрэгцээ иргэний дайныг өдөөсөн Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Ассадын Засгийн газарт Ираны армийг тусалж байна гэж буруутгасан байна. Жонн Байрд Ираныг терроризмын ивээн тэтгэгч гэжээ.

Канадын Гадаад харилцааны сайд Жонн Байрд дээрх мэдэгдлийг ОХУ-д болсон Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны чуулган дээр гаргасан бөгөөд Канадын энэ алхам Израйль Ираны цөмийн байгууламж руу довтолж магадгүй гэдэг таамаглалтай огт хамаагүй гэжээ. Жонн Байрд Ираны Засгийн газрыг олон улсын аюулгүй байдал, энх тайванд заналхийлж байна хэмээн Канадын байр суурийг илэрхийлсэн байна.

Израйлийн Ерөнхий сайд Беньямин Натаньяху Канадын дээрх алхмыг Иран болон дэлхий нийтэд маш тодорхой мессеж өгч буй хатуу байр суурь хэмээн сайшаасан гэнэ. Ойрхи Дорнодын улс орнуудаас цөмийн зэвсэгтэй цорын ганц орон болох Израйль Ираны цөмийн хөтөлбөрийг аюул заналхийлэлд тооцож байгаа бөгөөд цөмийн хөтөлбөрийг нь зогсоох дипломат арга, эдийн засгийн хориг үйлчлэхгүй бол цэргийн хүчээр буулган авна гэж мэдэгдсэн юм.

Канадын Гадаад харилцааны сайд Жонн Байрд Ираны эрх баригчдыг гадаадын дипломат ажилтнуудын аюулгүй байдлыг хангахад анхаараагүй, үл ойшоосон гэж буруутгажээ. Учир нь өнгөрсөн арваннэгдүгээр сард Тегеран дахь Их Британийн Элчин сайдын яам  халдлага гарснаас хойш хаагдсан билээ. Канадад Ираны 17 дипломат ажилтан байдгаас 10 нь хэдийн нутаг буцсан гэнэ.

Харин АНУ-ын хувьд 1979-1981 оны хооронд 52 америк иргэнийг 444 хоног барьцаалсан явдлаас хойш Тегеранд Элчин сайд суулгаагүй юм байна. Канад, Ираны харилцаа 2003 онд Канадын фото сэтгүүлч Тегераны Эвин шоронд нас барснаас хойш улам хурцадсан юм.

Н.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж