Уэббер тэргүүн эгнээнээс

Хуучирсан мэдээ: 2010.05.16-нд нийтлэгдсэн

Уэббер тэргүүн эгнээнээс

Хэдхэн цагийн дараа эхлэх Монакогийн гран-при уралдаанд Марк Уэббер тэргүүн эгнээнээс гарч уралдах болжээ. Энэ улиралд хурдаараа гайхуулж буй “Red Bull” ийнхүү улирлын эхний зургаан гараанд бүгдэд нь тэргүүн эгнээг эзэлж чадлаа.

Өнгөрсөн долоо хоногт болсон Испанийн гран-прид гарааны эхнээс төгсгөл хүртэл манлайлсаар түрүүл барианд орсон Австралийн нисгэгч Уэббер байрлал тогтоох гараанд хурд, хүчээ дахин гайхуулж, Монте Карлогийн гудамжаар салхи татуулан хурдалж, тэргүүн эгнээг эзлэх эрхтэй болсон байна. Түүний гаргасан нэг минут, 13,826 секундын амжилт байрлал тогтоох болон бэлтгэлийн гарааны үеэр хоёуланд нь 74 секундээс илүү хурдалсан амжилтыг эвдэж байгаа юм.

Барселоны гараанаас ялгаатай нь Уэбберийн хамтран зүтгэгч Себастьян Веттель хоёрдугаар эгнээг эзэлж чадсангүй. Харин түүний оронд  “Renault”-гийн Роберт Кубика гарааны хоёроос гарч уралдах болсон байна. Веттель гуравт, харин түүний араас “Ferrari”-гийн Фелипе Масса, “McLaren”-ы Льюис Хэмильтон нар гарах юм. Түүнчлэн “Mercedes”-ийн  Нико Росберг, Михаэль Шумахер нар зургаа, долдугаарт хурдалсан бөгөөп топ 10-т өнгөрсөн жилийн аварга Женсон Баттон, Рубенс Баррикелло, Витантино Луицци нар багтжээ.

Харамсалтай нь олны таамгийг эвдэж, пүрэв гаригт болсон бэлтгэл хоёр гараанд хоёуланд нь түрүүлсэн Фернандо Алонсо мөргөлдсөнөөр хамгийн сүүлд буюу 24-р байраас гарч уралдах болсон байна.

“Формула1”-ийн энэ улирлын зургаа дахь гараа болох Монакогийн гран-при уралдаан монголын цагаар 20.00 цагаас эхэлнэ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж