Такси барихын зовлон хийгээд зогсоолгүйн гачлан

Хуучирсан мэдээ: 2012.09.08-нд нийтлэгдсэн

Такси барихын зовлон хийгээд зогсоолгүйн гачлан

НЗДТГ-аас санаачилсан автозамын ачааллыг бууруулах ажил багагүй үр дүнтэй байгаа. Энэ ажлыг эхлүүлснээс хойш нийслэлд шийдвэрлэх олон асуудал урган гарсан. Түүний нэг нь такси зогсоол байлаа. Такси зогсоол хангалтгүйгээс гадна манай нийслэлчүүд хаа дуртай газраа гараа өргөн зогсч такси барих гэдэг. Иргэдэдтакси замын уулзвар, явган хүний гарц, автобусны буудая огт хамаагүй. Энэ нь бүгд дүрэм зөрчсөн газрууд юм, Хэрэв тухайн газар гараа өргөөд зогсч байгаа хүний хажууд такси ирээд зогсвол жолооч дүрэм зөрчинө л гэсэн үг. Үүнийг иргэд мэдсэн ч “Би ямар арга хэмжээ авахуулах биш, жолооч нь торгуулах юм чинь” гэсэн сэтгэхүйгээр ханддаг.

Нөгөө таксины жолооч нь хоолоо залгуулах таван төгрөгөө бодоод тухайн үйлчлүүлэгчийг авахаас өөр аргагүй. Ингээд л хажууд нь цагдаа зогсч харагдвал нэг хүн авснаасаа болж торгууль төлнө. Энэ мэтчилэн хэн хэндээ баахан төвөг уддаг. Үүгээр ч Зогсохгүй замын хөдөлгөөний ачааллыг нэмэгдүүлнэ, түгжрэл үүсгэнэ, зам тээврийн осол гарах нөхцөл бүрдүүлнэ гээд тоочвол олон сөрөг үр дагаиар бий. Энэ бүгд төлөвлөсөн, нэгдсэн такси зогсоол бэдхгүйтай холбоотой биз.

Ер нь дэлхийн олон оронд зориулалтын зогсоолоос такси барьдаг аж. Манайхан харин тийм биш. Таксины зогсоол хангалтгүй болоод ч тэр юм уу, “Дүрэм зөрчсөн ч яадаг юм" гэсэн хэнэггүй байдлаасаа ч болдог юм уу бүү мэд. Ажлийн цаг эхлэх болоод дуусах үеэр зам дагаад л гар сарвайсан хүмүүс. Таксинууд нь хүнээ булаацалдан бие биенээсээ урьтах гэж аваар осол гаргана, хоорондоо мөргөлдөж хэн нэгэндээ хохирол учруулна.

Өнгөрсөн жил нийслэлийн хөрөнгө оруулалтаар найман байршилд такси зогсоол барьсан энэ нь тийм ч хангалттай биш. III, IV, X, XVI хороолол, 32-ын тойрог, Барилгачдын талбай, “Бөмбөгөр” худалдааны төв гэсэн газруудад такси зогсоол башуулсан. Уг нь нэг зогсоол 8-10 машины багтаамжтай. Гэхдээ л иргэдэд энэ нь хангалтгүй байдаг бололтой. Аль болох л гэрийнхээ ойролцоох газраас такси барих гэж явах нь элбэг. Уг нь нэгдсэн такси зогсоол нь гэрэлтүүлэг, хогийн сав гээд иж бүрэн тохижуулсан байдаг. Ядаж л хүлээгээд зогсоход сүүдрэвчтэй, сандалтай тухтай баймаар. Гэвч нийслэлийн сая гаруй иргэнд наймхан такси зогсоол хангалтгүй нь ойлгомжтой. 80 такси л нэгдсэн зогсоол дээрээс үйлчилнэ гэсэн үг шүү дээ. Тиймээс такси зогсоолын тоог нэмэх зайлшгүй шаардлагатай нь ойлгомжтой юм.

Такси зогсоол 20-ийг нэмж барина

Такси зогсоолын талаар хэрхэн анхаарч байгаа талаар нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр төлөвлөлтийн хэлтсийн дарга Х.Булгаагаас зарим зүйлийг тодрууллаа.

-Улаанбаатарт хэчнээн такси үйлчилгээнд явж байна вэ?

-Манайхаас зөвшөөрөл авсан 15 байгууллагын 780 орчим такси иргэдэд үйлчилж байгаа. Хууль бус таксинуудыг тоонд оруулахгүй.

-Сүүлийн үед такси зогсоол хангалтгүй байна гэсэн ярна гараад байна. Үүнд хэрхэн анхаарч байгаа вэ?

-Ойрын үед 20 орчим зогсоол барих төлөвлөгөөтэй байгаа. Ялангуяа Зүүн дөрвөн замаас 25 дугаар эмийн сан дагуу нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээвэр зорчиж байгаа учраас нэлээд гомдол гарсан. Тиймээс энэ чиглэлд зам дээрээс биш төвлөрсөн газраас таксинд суух боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа. Судалгаа хийж байна. Энэ ажлыг маш яаралтай хийнэ.

-Ер нь нийслэлийн хэмжээнд хэчнээн зогсоол барих шаардлагатай байна вэ?

-Ойрын үед 20-ийг барих гэж байна. Цаашдаа бол такси зогсоол хэрэгтэй. Хотын хэмжээнд хэд гэдгийг нь хэлэх боломжгүй. Ер нь такси зогсоол зайлшгүй хэрэгтэй байгаа ч хөрөнгө мөнгө, газрын асуудал бий.

-Нэг такси зогсоол байгуулахад хэчнээн төгрөг шаардлагатай бол?

-Энэ бол харьцангуй ойлголт. Зарим газар тэмдэг тэмдэглэгээ тавиад зогсоол хийж болно. Зарим газрын замыг нь тэгшилнэ, явган хүний зам барина гээд тохижилтоосоо хамаараад гарах зардал нь өөр.

Зүүн дөрвөн замаас 25 дугаар эмийн сан хүртэлх чиглэлийн нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээвэр зорчино гэсэн захирамж гарсан. Үүнийг биелүүлэхгүй нэгдүгээр эгнээгээр авах машинууд ч цөөнгүй тааралдлаа. Түүнчлэн зарим иргэд ч гомдол ирүүлээд байгаа юм. “Нэгдүгээр эгнээнд машин явахгүй болохоор такси барихад төвөгтэй. Мөн такси аваад тойрч явсаар. байтал төлбөр их гарах юм” хэмээн гомдоллоно. Энэ талаар Замын цагдаагийн газраас лавлахад “ Нэгдүгээр эгнээгээр такси явдаг ч болж магадгүй. Мөн такси зогсоол барих шаардлагатай байна. Ер нь замын хөдөлгөөний ачааллыг бууруулах энэ арга хэмжээг иргэдэд ойлгуулах нь чухал байна. Бүх нийтээрээ дагах ёстой учраас бүгдээрээ л мөрдье. Иргэн болгон бие биеэ хүндэтгэх ёстой” гэсэн юм.

Б.АЗАА

Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж