Хятадын өмнөд муж газар хөдлөлтөд нэрвэгдэв

Хуучирсан мэдээ: 2012.09.08-нд нийтлэгдсэн

Хятадын өмнөд муж газар хөдлөлтөд нэрвэгдэв

Хятадын баруун өмнөд мужид хэд хэдэн удаа газар хөдөлснөөс 80 хүн амиа алдаж, 715 хүн гэмтэж бэртсэн байна. Юнань, Гүжоу мужид болсон газар хөдлөлтийн хамгийн хүчтэй чичиргээ өчигдөр орон нутгийн цагаар 11.19 цагийн орчим мэдрэгдсэн талаар Синьхуа агентлаг мэдээлжээ.

АНУ-ын геологийн судалгааны төвийн мэдээлснээр Хятадад өчигдөр болсон газар хөдлөлт 5.6 магнитудын хүчтэй байсан гэнэ. Хятадын албаны хүмүүсийн мэдээлснээр газар хөдлөлтөд уулархаг газрууд ихээр нэрвэгдсэн бөгөөд газрын нуранга үүсчээ. Газар хөдлөлтөд нэрвэгдсэн мужид Хятадын Ерөнхий сайд Вэн Жябао очоод байгаа гэнэ.

Газар хөдлөлтийн уршгаар хэдий хэмжээний хор хохирол учирсан нь одоогоор тодорхойгүй байгаа юм байна. Амиа алдсан хүмүүсийн дийлэнх нь Юнань мужийн иргэд байсан гэнэ. Газар хөдлөлтөд нэрвэгдсэн мужид амиа алдагсдын тоо цаашид нэмэгдэж ч болзошгүй байгаа бөгөөд эцэг эхээ алдаж, өнчирч хоцорсон хүүхдүүд албаныхны санааг зовоож байгаа аж.

Газар хөдөлсөн Хятадын баруун өмнөд мужийн уулархаг газруудад зам эвдэрснээс аврах багийнхан очиход хүндрэлтэй байгаа гэнэ. Хятадын Синьхуа агентлагийн мэдээлснээр газар хөдлөлтөд хоёр мужийн 100,000 гаруй хүн нэрвэгдсэн бөгөөд 20,000 гаруй байшин барилга сүйджээ. Газар хөдлөлтийн улмаас холбооны шугам гэмтсэнээс дээрх хоёр мужаас холбоо харилцаа тасарсан гэнэ. Гамшигт нэрвэгдсэн мужийн оршин суугчид орон гэргүй болж, гудамжинд гарсан байна.

Орон нутгийн захиргаанаас орон гэргүй болсон иргэдэд хөнжил, майхан, дулаан хувцас зэргийг олгож байгаа аж. 2008 онд дээрх хоёр мужийн зэргэлдээх Сичуань мужид 7.8 магнитудын хүчтэй газар хөдөлснөөс хэдэн арван мянган хүн амиа алдсан юм.


Н.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж