2050 он гэхэд дэлхийн хүн ам 10 орчим тэрбумд хүрч, хүнсний хэрэгцээ 70 хувиар нэмэгдэж, баян, ядуугийн ялгаа дээд цэгтээ хүрч, дэлхий дахин “хоолны төлөө дайтаж магадгүй” гэх тооцоог НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас гаргажээ. Энэ бол айдас, хүн төрөлхтөнд тулгарч болзошгүй аюул ажээ. Тэгвэл уг аюулаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
Өнөөдөр дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй хэд хэдэн асуудал байгаа аж.
Нэгдүгээрт, уур амьсгалын өөрчлөлт хүнсний хомсдол бий болгох хамгийн том шалтгаан болоод байгаа аж. Тэр дундаа цэвэр усны нөөц хомсдож байгаа нь экологийн хувьд сүйрэл дагуулж, тэр хэмжээгээр хүнсний хомсдолыг бий болгож байгаа юм. “Oxfam” олон улсын байгууллагын гаргасан судалгаагаар хэрвээ хүн төрөлхтөн энэ маягаар байгаль экологид хортой үйл ажиллагаа явуулсаар байвал 2030 он гэхэд дэлхийн хүн амын талаас илүү хувь нь өлсгөлөнд нэрвэгдэнэ гэсэн байна. Байгаль экологид хамгийн халтай үйл ажиллагааны дийлэнх нь уул уурхай байдаг аж.
Хоёрдугаарт, эрчим хүч өнөөдөр дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудал болоод байна. Учир нь, эрчим хүч амьдралыг хөдөлгөх гол зүйл болдог. Тиймээс эрчим хүчийг гаргаж авах зайлшгүй шаардлага хүн төрөлхтөнд бий. Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээлж байгаагаас үзвэл өнгөрсөн гучин жилийн дотор дэлхийн нийт эрчим хүчний хэрэгцээ бараг хоёр дахин нэмэгдсэн байна. Харин ирэх 2030 он гэхэд хоёр дахин, 2050 он гэхэд даруй гурав дахин нэмэгдэх төлөвтэй байна. Дэлхийн хүн амын өсөлт, тэдний хэрэгцээг хангах аж үйлдвэрлэл хоёр эрчим хүчний хэрэглээг өсгөх гол шалтгаан болдог. Өнөөдрийн байдлаар дэлхийн эрчим хүчний гол эх үүсвэр нүүрс хэвээрээ байгаа. Өнөөдрийнхөө хэрэгцээг хангах гэж газрын хэвлийг онгичиж, дэлхийн хэмжээний уур амьсгалын сөрөг өөрчлөлтөд өртсөн хүн төрөлхтөн тэгвэл ирээдүйд яах вэ?
Дэлхий 10 тэрбум хүнийг “даахгүй”. Даалаа ч гэсэн дээрх хоёр асуудлыг шийдэхгүй бол өлсгөлөн, гуйланчлал, баян хоосны ялгаа дээд цэгтээ хүрч болзошгүй гэх судалгаа бий гэдгийг дээр дурдсан. Учир нь хүний дуусашгүй хэрэглээг хангах шавхагдашгүй нөөц дэлхийн хэвлийд байхгүй. Тиймээс ч эдийн засгийн ухаанд шавхагдашгүй хэрэглээг шавхагдах нөөцөөр хэрхэн хангах вэ гэдэгт тархиа гашилгасаар ирсэн билээ. Дэлхийн долоон тэрбум хүн эхнээсээ өлсөөд эхэлсэн. Өнөөдөр дэлхий дээр нэг тэрбум хүн хүнсний хомсдолд орсон гэдэг статистик бий. Долоон хүний нэг нь хоосон ходоод, хатсан уруултай хорвоогийн өдрийг арай ядан туулж байна гэсэн үг. Харин Ази тивд дэлхийн ядуучуудын гуравны хоёр хувь нь амьдардаг. Монгол бол Азийн цээжинд оршдог улс. Хэдийгээр Монгол Улс 2.7 сая иргэн, 1,564,116 ам дөрвөлжин километр газартай, газрын доорх баялагтай ч энэ нутагт ядуурал амь бөхтэй оршсоор байна. Манай улсын хэмжээнд ядуурлын түвшин 2002 онд 37, 2008 онд 36, 2010 онд 38 хувьтай гарсан бол энэ онд 29.8 хувьтай боллоо гэсэн судалгаа бий.
Ядуурлыг эдийн засгийн болон араншлын /сэтгэлгээний ядуурал/ гэж хоёр хуваадаг аж. Эдийн засгийн ядуурал нь тухайн орны төр засгаас баталсан орлогын доод хэмжээнээс бага орлоготой байх нэр томъёо. Харин араншлын ядуурлын талаар Америкийн эрдэмтэн Роберт Ректор “Араншлын ядуурал нь арчаагүй байдал, ажлын ёс зүйн доройтол, мэдэж сурах тэмүүллийн хомсдол, үр хүүхдээ асран хүмүүжүүлэх хүсэлгүй буюу чадваргүй байдал, гэмт хэрэг, архины дон гэх мэт нийгмийн патологуудын гажгийн багц юм” гэсэн байна. Хүн эдийн засгийн ядууралд хэт удаан байх нь аяндаа араншлын ядууралд хөндөгддөг гэнэ. Үүнийг араншил судлалын ухаанд хүний хэрэгцээтэй холбож тайлбарладаг. Товчхондоо гэвэл, аливаа хүний хэрэгцээг эрэмбэлвээс таван үе бүхий гурвалжин байдгийн хамгийн доод суурин талд нь амьд явахын тулд шаардагдах физиологийн анхдагч хэрэгцээ байдаг. Араншлийн ядуурлын хувьд хүний оюун ухаан мэдээллээр дутагдахад үүсдэг байна. Хүн мэдээллийг цуглуулж түүнийгээ боловсруулснаар мэдлэгийг бий болгодог аж. Харин мэдлэг бол сайхан амьдралд хүрэх, зорьсноо биелүүлэх, зөв шийдвэр гаргах гүүр. Зөв шийдвэр гаргавал бидний алдаа гаргах нь багасна. Алдаа багатай бол амьдрал дардан байх биз ээ. Тэгвэл бид мэдээллийг хаанаас олж авдаг вэ?
Навсайж, нурах шахсан хар гэрийн зүүн талын орон дээр 40 гаруй насны хижээл эр хэдэн жилийн шороо тоосонд дарагдаж, ямар өнгөтэй байсан нь үл мэдэгдэх ноорхой хүрмэндээ хамаг биеэ хураан бодол болон суух. Энэ бол Монгол Улсын Төв аймгийн Зуунмод сумын V багийн иргэн Г.Эрдэнэмөнхийнх. Тогтсон орлогогүй энэ гэр бүлийн хувьд хүнсний ногоо, элсэн чихэр тэр ч бүү хэл давс хэрэглэдэггүй. Гэрэл цахилгаанүй. Тэд бол Монголын, Азийн, Дэлхийн ядуу иргэдийн төлөөлөл.
Айлын том охин Э.Мөнгөнзаяа “Өлсөж байна аа” гээд санаа алдаж, тунгалаг хар нүднээс нь урсан гарах нулимс халтар нүүрэн дээгүүр нь зам татуулах нь өр өвтгөм. Мөнгөнзаяа охин “Манайх уржигдар гурилаа дууссан. Олон хоног гал түлээгүй хүйтэн байна” гэв. Мөн түүний мөрөөдөл нь зурагт үзэх гэсэн юм. Өдгөө тэрбээр 13 настай бөгөөд түүнийг төрөхөд л гэр нь гэрэл цахилгаангүй айл байжээ. Тиймээс тэр хөрш айлынхаа зурагтыг хааяа орж үздэг байна. Г.Эрдэнэмөнх “Энэ зурагт, радио гэдэг чинь их хэрэгтэй зүйл. Мэдээ, мэдээлэлгүй хүн гэдэг чинь сохорсонтой л ижил юм. Адгийн наад зах нь группын мөнгө нэмэгдсэн эсэхийг хэсгийн ахлаг ч л ирж бидэнд сураг өгч байна. За тэгээд өнөөдөр бүх л мэдээллийг зурагтаар авч байна. Гэтэл манайд эрчим хүч байхгүй” гэв. Ийм л учраас дэлхий нийт ядуурал, эрчим хүч хоёр хоорондоо зайлшгүй уялдаа холбоотой гэдэг. Технологийн эрин зуунд бид эрчим хүчгүй л бол хүний жам ёсны эрх болох мэдээллээр хангагдах эрхээ эдэлж чадахгүй. Товчхондоо сэтгэлгээгээрээ ядуурна гэсэн үг. Харин ядуурлыг бууруулах цоо шинэ арга бол “Ногоон хөгжил” ажээ.
Өнөөдөр дээрх мэт олон асуудлын шийдэл “Ногоон” гэх өнгөөр илэрхийлэгддэг болоод байна. Хүний зөв зохистой, байгальд ээлтэй үйл ажиллагааг өдгөө дэлхий нийт “ Ногоон” хэмээн нэрлэж энэ зүг хөгжлийн замаа засах болсон. Тэгвэл “Ногоон хөгжил”-ийн гол тулах баганы нэг бол сэргээгдэх эрчим хүч юм. Шавхагдашгүй, байгальд ээлтэй нар, салхи, усны эрчим хүчний эх үүсвэр өдгөө дэлхийн эрчим хүчний хаалгыг хэдийнэ тогшсон. Тухайлбал, 2006 оны байдлаар дэлхийн нийт эрчим хүчний 18 хувийг сэргээгдэх эрчим хүчээс гарган авсан байна. Энэ тоо жил ирэх бүр өсөж байгаа бөгөөд одоогоор нийт эрчим хүчний 20 гаруй хувийг сэргээгдэх эрчим хүчнээс гарган авч байгаа аж. Цаашдаа дэлхий нийт эрчим хүчний хэрэглээг сэргээгдэх эрчим хүчнээс гарган авахаар төлөвлөөд байгаа. Тухайлбал, Герман, Япон зэрэг хөгжингүй орнууд эрчим хүчний хэрэглээгээ ногооруулахад ихээхэн анхаарч байгаа. Өөрөөр хэлбэл, улс орнууд ус, нар, салхинд “хайр” зарлаад хэдийнэ эхэлчихсэн билээ. Манай оронд тэр бүх байгалийн шавхагдашгүй нөөц байна. Тухайлбал, салхинаас жилд 8100 ТВ цаг, нарнаас 4800 ТВ цаг эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал Монгол Улсын тал хээр нутагт байна. Харин яаж энэхүү баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулах вэ?
Европчууд Сахарын цөлийг ашиглаж, улс орноо байгальд ээлтэй эрчим хүчээр хангах бодлого явуулж эхлээд байгаа. Африкийн хойд хэсгийн цөлийн нөөцийн гуравны нэгийг л ашиглахад Европ тивийг бүхэлд нь эрчим хүчээр хангана гэж судлаачид үздэг. Өндөр технологи, асар их хэмжээний хөрөнгө мөнгө, хөдөлмөр шаардсан ажлыг европчууд хэдийнэ эхлүүлж, цөлд нарны хавтангуудыг байрлуулаад байна. Тэгвэл Азид ч ялгаагүй бүс нутгийн хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний томоохон сүлжээ бий болгохоор ажиллаж байна. Энэ нь Ази тивийн байгальд ээлтэй баялгийг ашиглаж, улс орнуудыг эрчим хүчээр хангах зорилготой сүлжээ юм. Тэгвэл энэхүү сүлжээ тэр чигтээ Монгол Улсыг хараандаа онилоод байгаа билээ. Учир нь Монголын тал нутгийн сэргээгдэх эрчим хүчний арвин нөөц Азийн улс орнуудын сонирхлыг ихээхэн татаад эхэлжээ.
Азийн эрчмийн супер сүлжээг Япон улсын Софт банк, Өмнөд Солонгосын КЕПКО, Монголын “Ньюком” компаниуд санаачлан хамтарч ажиллахаар төлөвлөжээ. Гол зорилго нь Монголын сэргээгдэх эрчим хүчний нөөцийг судлах, эдийн засгийн эргэлтэд оруулж, Азийн зах зээл рүү экспортлох боломжийг хайхад чиглэсэн үйл ажиллагаа явуулах аж. Манай улсын хувьд ч Азидаа зөвхөн газрын дорх ашигт малтмалын баялаг бус сэргээгдэх эрчим хүчээр тэргүүлэгч орон болох зорилт тавьчихсан байгаа. Өөрөөр хэлбэл, Монголын Засгийн газраас 2020 он гэхэд Монгол Улсын эрчим хүчний хэрэглээний 20 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангана гэсэн зорилт дэвшүүлсэн юм.
Монголын “Ньюком” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан захирал “Энэхүү зорилтод хүрэхэд Азийн эрчмийн супер сүлжээг багагүй хувь нэмэр оруулна.Нөөц, бас боломж манайд байна. Боломжийг хөгжил болгон хувиргах ёстой. Монголын говийн салхинаас жилдээ 682 тэрбум кВт.цаг цахилгаан үйлдвэрлэх нөөцтэй. 2020 он гэхэд 200 ГВ-ын хүчин чадалтай нар, салхины хосолсон станц барих төлөвлөгөөг боловсруулж байгаа.Энэ бол мөрөөдөл бус бодит ажил болно” гэв. Азийн эрчмийн супер сүлжээг дорх гурван үндэслэлээр байгуулах болсон байна.
Нэгдүгээрт, Японы Фукушимагийн цөмийн цахилгаан станц дээр гарсан осол нь цөмийн эрчим хүч нь найдвартай бус гэдгийг харуулсан. Хоёрдугаарт, өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй эрчим хүчний болон өсөж буй малтмал түлшний хэрэглээ уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлж байна. Гуравдугаарт, Монгол Улс нь сэргээгдэх эрчим хүчний арвин их нөөцтэй тиймээс уг төслийг хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэж үзжээ.
Өнгөрсөн тавдугаар сард Сөүл хотноо зохион байгуулагдсан “Дэлхийн ногоон өсөлт-2012” олон улсын уулзалтын анхны илтгэлийг Японы Софт банкны гүйцэтгэх захирал Масауоши Сон “Азийн эрчмийн супер сүлжээ” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм. Тэрбээр сэргээгдэх эрчим хүчээр баян Монгол орны баялгийг хамтарч ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулах замаар байгальд ээлтэй эрчим хүчээр Азийн гэрэл цахилгааны эрэлтийг хангах боломжийн талаар ярьсан. Энэ бол өндөр технологи, нөгөө талдаа асар их хөрөнгө шаардсан ажил аж. Тиймээс Азийн эрчим хүчний сүлжээг бий болгож, хамтран ажилласнаар асуудлыг шийдэх бүрэн боломжтой гэж үзэж байна.
“Атомын станц ямархуу хор хөнөөлтэй байгааг бид бэлхнээ харсан. Одоо япончууд цэвэр эрчим хүчний эх үүсвэрийг ирээдүйн хөгжил гэдгээр харж, эргэлт буцалтгүй энэ зүг явахаар шийдсэн. Монгол Улсаас цаашдаа нар, салхины цэвэр эрчим хүчийг импортоор авах боломж байна. Үүний тулд эрх зүйн болоод бусад орчин бүрдүүлэх чиглэлээр ажиллах шаардлагатай” гэж Софтбанкны гүйцэтгэх захирал Масауоши Сон онцолсон.
Ирэх 10 жилд эхлэл нь тавигдах “Азийн эрчмийн супер сүлжээ”-ний үр ашгийн талаар одоо ярих нь бодит бус мөрөөдөл төдий сонсогдож магадгүй. Тиймээс сэргээгдэх эрчим хүч амьдралд хэрхэн нөлөөлж болох талаар Монголын тал нутгийн малчин айлын нэгэн жишээг дурдъя.
Хөгжилт нийгмийн хөдөлгүүр болсон эрчим хүчгүйгээр хөдөө нутгийнхан хүний наад захын хэрэгцээг хэрэглэж чадахгүй босож, бүрийгээр унтаж өдөр хоногийг нүдэн балай, чихэн дүлий нарнаар өнгөрүүлэх. Д.Батчулууных Цагаан бургастайн хаваржаа, Баамын булгын өвөлжөө хоёрын хооронд 40 гаруй жил нутаглажээ. Тэднийх Ган-Од, Оюунтүлхүүр гэдэг хүү, охинтой. Сумын төвөөс 20 орчим км-ын зайтай байдаг тэднийх гучин жилийг лаатай өнгөрөөсөн гэнэ. 65 настай Батчулуун гуай анх 2002 оны үед Монголын Засгийн газраас хэрэгжүүлсэн “100 000 нарны гэрэл” төсөлд хамрагдсанаар гэрэл цахилгаантай залгажээ. “100 000 нарны гэрэл” төсөл нь Монгол Улсын эрчим хүчний хангамжид сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлж, эрчим хүчний хангамжийн бүтцийг сайжруулах, агаарын бохирдлыг багасгах, хөдөө, орон нутгийг цэвэр эрчим хүчээр найдвартай хангах замаар нийгэм, эдийн засгийг тогтвортой хөгжүүлэх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор хэрэгжүүлж байгаа төсөл юм.
Уг төсөл хэрэгжиж эхэлснээр өнөөдөр Монголын малчид алдсан адуу, хонинд явсан хүү, хүний бэр болсон охиныхоо сургийг хүссэн үедээ гар утсаараа авчихаж байна. Хөдөлмөр цаг хугацаа хэмнэсэн техник, технологийн үнэ цэнийг малчид бага багаар хүртэж эхэлсэн нь энэ. Д.Батчулуун гуай “Гэрэлгүй байх үед бид мэдээ мэдээлэл гэх юмгүй. Хэдэн хүүхдүүд л хотоос ирвэл энэ тэндхийн сонин хачин сонсоно. Ноосны үнэ мэдэх гэж л хаа байсан сумын төв рүү морьтойгоо шогшиж хэл ул авалцана. Үнэ ханшийн мэдээ авахгүй бол зарим нэг хүмүүст луйвардуулна. Харин одоо өөрийн орны байтугай дэлхий дахины мэдээллийг зурагтаар аваад, болсон үйл явдлын талаар зарим нэгтэйгээ мэтгэлцэж байна” гэв. Ямартай ч сэргээгдэх эрчим хүчний энэ мэт жижиг хэрэглээ энгийн нэгэн малчин айлд ямар их тус нэмэр болсон нь энэ жишээнээс харагдана.
Тэгвэл “Азийн эрчмийн супер сүлжээ” төсөл амжилттай хэрэгжвэл Монголын малчид уудам тал нутгаар бэлчих малынхаа хажууд IPad хэрэглэж, интернэтэд холбогдон дэлхий ертөнцтэй холбогдох цаг удахгүй биз ээ. Дээрээс нь Азийн улс орнууд цэвэр эрчим хүчний найдвартэй эх үүсвэртэй болж, эрчим хүчний хөгжлийн ачаар ядуурал буурч, ажлын байр шинээр бий болох нөхцөл бүрдэнэ. 2050 он гэхэд эрчим хүч үйлдэрлэх нөөцгүй яах вэ гэсэн айдсыг ардаа орхин ирээдүйн гэрэлт амьдралынхаа төлөө сэтгэл уужуу аж төрөх сайхан боломжийг Монголын өргөн уудам нутгийн салхи, нарны арвин их нөөц өгнө гэдэгт итгэж байна.
Эх сурвалж: www.mongolianeconomy.mn