Энэ жилийн “Мисс Монголиа 2012” тэмцээнд монгол орны өнцөг булан бүрээс 120 охин оролцсоноос эцсийн шалгаруулалтад авьяас чадвар, оюун ухаан, гоо үзэсгэлэнгээрээ шалгаран үлдсэн 16 охин оролцлоо. Тэд өнгөрсөн наймдугаар сарын 27-ноос уг наадмын хүрээнзд зургаан шатанд өрсөлдөн ийнхүү эцсийн шалгаруулалт оролцох эрхээ олж аваад байсан юм.
“Мисс Монголиа 2012” наадмын эцсийн шалгаруулалтад тэд тайзнаа гоёлын даашинз, усны хувцас, үндэсний хувцасаар гоён гарч ирж өрсөлдсөн ба урлагийн үзүүлбэрүүдээ толилуулсан юм. Ингээд тэмцээний дүн гарахад “Мисс Монголиа 2012” наадмын тэргүүн байрыг хувийн дугаар 19, Дэлгэржавын Долгион тодорч, миссийн титмийн эзэн болсон юм. Тэрбээр Удирдлагын академийн Төрийн удирдлагын сургуульд сурдаг, 21 настай. Түүний биеийн жин 52 кг, өндөр нь 180 см, биеийн харьцаа 87х65х92 аж. “Мисс Монголиа 2012” наадмын ялагч болсон түүнд Мисс Монголиа 2004 наадмын тэргүүн байрыг эзэлсэн мисс Ч.Содтуая миссийн титмийг зүүлгэж өгсөн бөгөөд Д.Долгион нь ирэх аравдугаар сарын 1-21-нд Японы Окинавад болох “Miss International” наадамд эх орноо төлөөлөн оролцох эрхийг авсан юм.
“Мисс Монголиа 2012” наадмын дэд миссээр А.Уянга тодорч, “Miss tourism” наадамд оролцох эрхийг гардан авлаа. Мөн “Мисс фото”-д А.Анхмаа, “Мисс бикини”-д Т.Ариунзаяа, “Мисс оюунлаг”-т А.Уянга, “Мисс авьяас”-т Ч.Энхтуяа, “Мисс спорт”-д Б.Нарантуяа, “Мисс модель”-д Т.Оюун-Эрдэнэ нар тус тус шалгарсан юм.
Тус наамдын шүүгчдийн бүрэлдэхүүнд УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар, “Мисс Монголиа” холбооны тэргүүн Д.Сумъяа, Мисс Монголиа 2004 наадмын тэргүүн мисс, “Мисс Монголиа” холбооны ТУЗ-ийн гишүүн загвар өмсөгч Ч.Содтуяа, МЗХ-ны олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Бадмаараг, дизайнер Эдвард Рубин нар ажилласан юм.
“Мисс Монголиа 2012” наадмын шалгаруулалтаас бэлтгэсэн цуврал нэвтрүүлгийг энэ сарын 10-наас эхлэн МҮОНРТ-ээр үзэгчдийн хүртээл болгох юм байна.