УИХ дахь МАН-ын гишүүд сар тутамд хүүхэд бүрт 20 мянган төгрөг олгох тухай хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг Засгийн газарт хүргэсэн байна. Энэ талаараа сэтгүүлчдэд дөнгөж сая мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Оюунхорол, Х.Жекей нар оролцлоо. Тэд “Сар бүр хүүхдэд 20 мянган төгрөг өгөх нь зөв гэхдээ амьдралын боломжтой хүүхдэд энэ мөнгийг өгөхгүйгээр оронд нь амьжиргааны төвшингөөс доогуур орлоготой өрхийн иргэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өндөр настнуудад өгөх нь зөв юм. Ингэхдээ эдгээр иргэдэд сар тутамд 40 мянган төгрөг олгох шаардлагатай байна” гэлээ. Эл хуулийн төслийг Д.Оюунхорол нарын зургаан гишүүн санаачилсан юм байна. УИХ-ын дэгийн дагуу гишүүд хуулийн төсөл өргөн барихын өмнө Засгийн газарт санал хүргүүлэх ёстой байдаг аж. Энэ дагуу Засгийн газарт санал хүргүүлээд байгаа бөгөөд хуулийн төслийг удахгүй УИХ-д өргөн барих юм байна.
Мөн хуулийн төсөл санаачлагчдын тайлбарласнаар “0-18 насны нэг сая хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй 110 мянга, ахмад настан 202 мянга, 740 мянган өрхөөс 300 орчим нь амжиргааны төвшнөөс доогуур орлоготой иргэд байгаа аж. Хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настан, амьжиргааны төвшнөөс догуур орлоготой иргэд, тэдний хүүхдүүдэд эл мөнгийг олгохоор бол нийтдээ 92 тэрбум төгрөг шаардлагатай байгаа” гэлээ. Энэ мөнгийг төсвийн тодотголд оруулж өгөх боломжтой гэдгийг хуулийн төсөл санаачлагчид бас хэлж байна.
Ш.Чимэг