![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/8/a1b9e3c7274c37dc/9fffd867ad11a144original.jpg)
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийх байсан ч хойшлууллаа. Учир нь дээрх хуулийн төслийн хүрээнд намын бүлэг завсарлага авахтай холбоотой асуудал хөндөгдөж буй юм. УИХ дахь МАН-ын гишүүн Н.Энхболдын тайлбарласнаар чуулганы хуралдааны завсарлагын дундуур дээрх хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ дахь намын бүлгийн дарга нар уулзаж ярилцсан. МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат нар тус бүртээ байр сууриа илэрхийлэх байх гэсэн юм. Мөн Н.Энхболд гишүүн эл хуулийн төслийн хэлэлцүүлгийг түр хойшлуулах хүсэлт гаргаж байгаагаа мэдэгдсэнийг УИХ-ын дарга ёсоор болголоо. Одоо чуулганы нэгдсэн хуралдаан түр завсарлаад байна. Энэ хооронд холбогдох байнгын хороод хуралдаж төсвийн гурав дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх боллоо. Харин чуулганы нэгдсэн хуралдаанаар эл асуудлыг хойшлуулахын өмнө Онцгой албан татварт нэмэлт өөрчлөлт оруулах, Гаалийн тариф, татварт нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг олонхийн саналаар “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.
Г.Дарь