Лондоны хамгийн тансаг, дээд зэрэглэлийн машин худалдаалдаг “Aston Martin” компани Жеймс Бондын адал явдлыг харуулсан цуврал кино дэлгэцнээ гарч эхэлсний 50 жилийн ойд зориулж түүний унаж байсан машин болоод хүрэм, ном, хөрөг зураг гэх мэт эд зүйлийг дуудлага худалдаагаар худалдаалахаар болжээ. “Aston Martin”-ы албаны хүмүүсийн мэдээлснээр Жеймс Бондын кино цуврал дэлгэцэнд гарсны 50 жилийн ойд зориулсан дуудлага худалдаанд оролцох хүсэлтээ гаргасан байгууллага хувь хүмүүс нэлээдгүй байгаа гэнэ. Түүнчлэн тус компанийн албаны хүмүүсийн мэдээлж байгаагаар ирэх аравдугаар сард Лондон хотноо “Дэлхийн Жеймс Бондын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх юм байна. Уг тэмдэглэлт өдрийг угтаж, энэ сарын 28-нд Жеймс Бондын эдэлж хэрэглэж байсан дурсгалт зүйлүүдийг дуудлага худалдаанд оруулах аж. Дуудлага худалдааг зохион байгуулагчдын мэдээлснээр үүнээс олох нийт орлогоо НҮБ-ын Хүүхдийн сан болоод Лондоны Үндэсний төв музейд хандив болгон өгөх юм байна. Түүнчлэн Жеймс Бондын цуврал кино дэлгэцэнд гарсан 50 жилийн ойд зориулж, энэ жилийн Лондоны олимпын нээлтэд “Бонд хатан хаанаас нууц даалгавар аван олимпийн цэнгэлдэх хүрээлэнд нисдэг тэрэгнээс шүхрээр бууж байгаа үйл явдлыг найруулагч Дэнни Бойль харуулсан нь олимпийн гэнэтийн бэлгүүдийн нэг байсан юм.
Э. Анхтуяа