“Тиранозавр батаар”-ыг Франкенштейны цуглуулга гэв

Хуучирсан мэдээ: 2012.09.07-нд нийтлэгдсэн

“Тиранозавр батаар”-ыг Франкенштейны цуглуулга гэв

Монголоос гаралтай болох нь тогтоогдоод буй “Тиранозавр батаар”-ын араг ясыг эргүүлэн авахаар заргалдаж буй Флоридагийн палеонтологич худалдаачин Эрик Прокопигийн өмгөөлөгчийн мэдэгдэл хэргийг улам ээдрээтэй болгосон талаар Ройтерс агентлаг мэдээлжээ. Учир нь өнгөрсөн лхагва гаригт Эрик Прокопигийн өмгөөлөгч Майкл МакКалаф 70 сая жилийн настай аварга үлэг гүрвэл “Тиранозавр батаар”-ын араг ясыг бүтэн юм шиг харагдуулахын тулд араг ясуудыг төмөр утсан дээр суурилуулж бэхэлсэн бөгөөд зарим хэсгийг өөр үлэг гүрвэлийн олдворуудаар нөхсөн гэж мэдэгджээ. Дээрх мэдэгдэл АНУ-ын Манхэттен дүүргийн шүүхийн шүүгчийг гайхашралд оруулсан бөгөөд тэрбээр “Тиранозавр батаар”-ын араг ясыг хэд хэдэн үлэг гүрвэлийн олдвороос бүрдсэн Франкенштейны цуглуулга юм байна гэж уулга алдсан гэнэ. Харин палентеологич эрдэмтэд “Тиранозавр батаар”-ын араг ясыг нэг үлэг гүрвэлийнх гэдэгт огт эргэлзэхгүй байгаа юм. Учир нь үлэг гүрвэлийг дуудлагаар худалдаалахад гаалийн бичиг баримт дээр 75 хувь нь бүтэн олдсон нэг аварга том үлэг гүрвэлийн яс гэж бичсэн байжээ. Монголын Засгийн газрын өмнөөс хэрэг дээр ажиллаж буй өмгөөлөгчид Эрик Прокопиг палентеологийн нэн ховор, үнэтэй олдворыг гаалийн бичиг баримт дээр 19.000 ам.долларын үнэтэй гэж бичсэн мөртлөө дуудлага худалдаанд нэг сая ам.доллараар худалдсан гэж заргалдаж байгаа билээ.

Олон улсын палентеологич эрдэмтэд Монголын говиос гаралтайг нь тогтоосон аварга үлэг гүрвэлийн араг ясыг өнгөрсөн тавдугаар сард Нью-Йорк хотод гарал үүслийг нь тогтоосны дараа эзэнд нь шилжүүлэх нөхцөлтэйгээр дуудлагаар 1.05 сая ам.доллараар худалдсаны дараа АНУ-ын гаалийн албаны хүмүүс тусгай хамгаалалтад авч, урлагийн бүтээл болон эртний ховор олдворыг түр хадгалах газарт хадгалж байгаа билээ. Эрик Прокопигийн өмгөөлөгчийн мэдэгдэл Манхэттенийн шүүгчийг эргэлзээнд оруулсан бөгөөд тэрбээр түүхэн баримт энэ хэргийг шийдэхэд хангалтгүй хэмээн мэдэгдсэн байна.

Н.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж