
Александр Овечкиноор ахлуулсан оросууд өнгөрсөн шөнө 3:2 харьцаагаар зохион байгуулагч Германы багийг хожсоноор дэлхийн аваргын ганц ч тоглолтод ялагдал хүлээлгүй тэмцээнээ үргэлжлүүлж байна. NHL-ын оддын нэг Овечкин дөрвөн тоглолтод дөрөв дэх гоолоо оруулсан. Хоккейн дэлхийн аваргад хоёр жил дараалан түрүүлсэн орос ах нар Илья Ковальчук, Николай Кулемин нарын гоолын ачаар тоглолтын эхний 26 минутад 2:0-ээр манлайлж эхэлсэн бөгөөд хоёрдугаар үе өндөрлөхөд ердөө ганцхан секунд дутуу байхад талбайн эзэн багийн Кристьян Эрхофф тооны харьцааг 2:1 болгосон байна. Тоглолт өндөрлөхөөс 10 минутын өмнө “Вашингтон Визардс”-ын Овечкин тооны зөрүүг дахин холдуулсан бөгөөд дөрвөн минутын дараа Германы Александр Барта 3:2 болгосон ч багтаа ялалт авчирч чадсангүй. Тоглолтын туршид 32 шайбыг аюулгүй болгосон Оросын хаалгач Варламов тоглолтын гол баатар байлаа.
Тэмцээний хоёрдугаар шатны тоглолтууд үргэлжилж байгаа энэ үед Оросууд гурван тоглолтоос есөн оноотой болж, “Е” хэсгээ манлайлж байна. Харин Герман гурван оноотой дөрөвдүгээрт бичигдээд байгаа юм.
Мөн өчигдөр “F” хэсэгт хуваарилагдсан Швейцарь 3:2-оор Чехийн багийг хожсоноор есөн оноотой болж, хэсэгтээ тэргүүлэгчийн эгнээнд бичигджээ. Чехүүдийн хувьд гурван оноогоор зургаан багаас тавдугаарт жагсаад байна.
Түүнчлэн өчигдөр хасагдах шатны хоёр тоглолт болсноос АНУ-ын баг 10:0 харьцаатай Казахстаныг бут ниргэсэн бол Франц, Италийн багийг 2:1 харьцаатай хожжээ.
С.Цэлмэг