Японы Нагато мужийн нийтийн номын сангаас 61 настай Mitsuka Suizu гэгч эрэгтэй хэдэн ширхэг ном хулгайлж байгаад үйлдэл дээрээ баригджээ. Дараа нь цагдаа нар Убе хот дахь түүний гэрт нэгжлэг хийхэд гэрээс нь 1170 ширхэг ном олдсон байна. Цагдаагийн байцаалтын явцад тэрбээр эдгээр номыг долоон жилийн хугацаанд 15 мужийн нийтийн номын сангуудаас хулгайлсан болохоо хүлээжээ. Эдгээр номыг мөнгөөр үнэлвэл 25 мянга гаруй ам.доллар хүрэх гэнэ. Тэрбээр баригдахаасаа өмнө ажил хийдэг байсан бөгөөд цайныхаа цагаар номын сангуудаар орж, ном хулгайлдаг байжээ. Түүний хулгайлж авсан номуудын ихэнх нь түүхийн болон шавьжны тухай номууд гэнэ. Одоогоор албаныхан 896 ширхэг номыг аль номын сангаас авсныг нь тогтоогоод байгаа бөгөөд үлдсэн 274-ийг нь хаанаас авсныг нь тогтоохоор ажиллаж байгаа аж. Mitsuka Suizu нь эхнэр хоёр хүүхдийн хамтаар амьдардаг бөгөөд хийсэн хэргээ “номонд маш их дуртай учраас зөвхөн уншаад зогсохгүй өөртөө хадгалахыг хүссэн” хэмээн тайлбарлажээ.
Б.Анхтуяа