-Намын шинэчлэлийн бодлогыг тууштай хэрэгжүүлнэ гэлээ. Яг юунаас эхлүүлэхээ хэлээд байна вэ?
-Миний хувьд нийслэлийн МАН-ын хорооны дарга болоод 20 гаруй хоног өнгөрлөө. Өнгөрсөн хугацаанд намынхаа олон гишүүнтэй уулзсан. Ер нь ингэж уулзаж байх ч ёстой юм. Намын гишүүдийн зүгээс “Дарга нар хэт вакумжсан орчинд ажиллаж байна. Зөвхөн аппаратынхаа хүмүүстэй ажиллахаас нэг их хэтэрдэггүй. Үүнээс болж намын нэр хүнд уналаа” гэж байр сууриа илэрхийлсэн, би “Зөв” гэж боддог. Мөн намын дотоод эв нэгдлийг бэхжүүлэх нь чухал байгаа. Бид ирэх долоо хоногт намын бүх үүрийн гишүүдтэйгээ уулзана. Нийслэлийн МАН-ын хорооны шинэ даргын хувьд би бүх гишүүндээ хандаж захидал илгээлээ. Энэхүү захидлын хариуд гишүүд, дэмжигчид маань санал бодлоо дэвшүүлэх байх. Үүнээс гадна бид холыг харсан дорвитой төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ.
-Нууц биш бол ирэх сонгуульд ямар тактикаар ажиллах вэ?
-Бид сөрөг хүчин боллоо гээд бүхнийг үгүйсгэж, шүүмжлэх нь утгагүй. Нийслэлчүүдийн төлөө хийж буй сайн үйлс бүхнийг дэмжих учиртай. Үнэхээр болохгүй, бүтэхгүй зүйл байвал бид сөрөг хүчний байр сууринаас хандах нь зүйн хэрэг. Миний хувьд залуу, эрч хүчтэй хүмүүсээр багаа бүрдүүлж, их хурдтай, зөв бодлоготой ажиллахыг эрмэлзэж байгаа. Тэр дундаа намын үүрүүдийн боловсон хүчний чадавхийг дээшлүүлэхэд анхаарна.