Рафаэль Надалийн эзгүйд Испани теннисчдийг тэргүүлж буй чансааны дөрөвт бичигдсэн Давид Феррер Сербийн Янко Типсаревичийг 6:3, 6:7, 2:6, 6:3, 7:6-аар буулган авч хагас шигшээд Жоковичтэй оноолт таарлаа.
Эмэгтэйчүүдийн хувьд хагас шигшээд тэргүүн теннисчин Беларусын Виктория Азаренка, ОХУ-ын Мария Шараповатой (3), АНУ-ын Серена Уильямс (4) Италийн Сара Эрринатай оноолт таарчээ.
Дээрх тоглогчдоос АНУ-ын Серена Уильямс “Их дуулга”-ын 12 түрүү хүртэхдээ “Америкийн нээлттэй тэмцээн”-д хоёр удаа (2002, 2008) онд түрүүлж, өнгөрсөн жилийн шигшээд Стосурт ялагдаж байсан. Серенагийн хувьд энэ жилийн “Уимбльдон”-д түрүүлж, Лондонгоос алтан медаль хүртээд байгаа.
ОХУ-ын Мария Шарапова “Их дуулга”-ын дөрвөн түрүүг хүртэхдээ тэртээ зургаан жилийн өмнө буюу 2006 онд “US OPEN”-д түрүүлж байжээ. Энэ жил форм сайтай байгаа түүний хувьд оны эхний “Их дуулга” болох Австралийн нээлттэй тэмцээний шигшээд шалгарч, улмаар Францын нээлттэй тэмцээнд түрүүлж, Лондонгоос мөнгөн медаль хүртсэн бөгөөд WTA-н чансааг тэргүүлээд нэг авсан байгаа. Өдгөө тэрбээр гуравт эрэмбэлэгдэж байна.
Дэлхийн манлай теннисчин Беларусын Виктория Азаренка бол энэ жилийн “Австралийн нээлттэй тэмцээн”-д түрүүлж, Лондонгоос хүрэл хүртээд байна. Тэрбээр мөн Лондонгийн холимог хосын алтан медальтай.
Италийн 25 настай Сара Эрринагийн хувьд энэ жил оргил амжилтаа үзүүлээд байна. Францын нээлттэй тэмцээний шигшээд шалгарч Шараповад ялагдсан түүний хувьд “Америкийн нээлттэй тэмцээн”-д хамгийн өндөр амжилтаа үзүүлээд байна. Тэрбээр наймны шигшээд хосын төрөлд хослон тоглож буй нутаг нэгт Роберта Винчитэй оноолт таарч буулган авснаар шигшээд шалгараад байна. Сара, Винчи нар хосын төрөлд шигшээд шалгараад байгаа бөгөөд тэдний эсрэг Чехийн хосууд шалгарчээ. Итали хосын хувьд чансааны хоёрт бичигдсэн бөгөөд энэ жилийн “Австралийн нээлттэй тэмцээн”-ий шигшээд шалгарч улмаар Францын нээлттэй тэмцээнд түрүүлээд байна. Итали хосын хувьд олимпийн наадмын хоёрдугаар тойрогт Тайваны хосод ялагджээ.
Энэ жилийн “Америкийн нээлттэй тэмцээн”-ын холимог хосын төрлийн аваргууд тодорчээ. ОХУ-ын Екатерина Макарова, Бразилын Бруно Соаресом нар Чехийн Пешке, Польшийн Матковши нарыг 6:7, 6:1, 1:0 (12:12)-р буулган авч “Их дуулга”-ын анхны цомоо хүртлээ.
Холимог хосын аваргууд 150 мянган, дэд аваргууд 70 мянган ам.долларын шагнал хүртжээ.
ОХУ-ын Екатерина Макарова ганцаарчилсан төрлийн гуравдугаар тойрогт АНУ-ын Серена Уильямст (6:4, 6:0) ялагдсан байна.
Өнөө шөнө эмэгтэйчүүдийн хагас шигшээгийн тоглолт болж шигшээд шалгарах теннисчид тодрох бол эрэгтэйчүүдийн хосын аваргын төлөө Энэтхэг, АНУ-ын хосууд ч бас тулах ажээ.