төлөөлөгч Г.Ганхүү нийслэлчүүдээ бэлэг барин хэсэг нөхдийн хамт домогт
“Битлз” хамтлагийн залгамж халаа болсон “Bootleg Beatles” хамтлагийг
Монголд урьж авчраад байгаа билээ. Түүнтэй өнөөдөр болох гайхамшигт
тоглолтын талаар цөөн хором ярилцлаа.
-Өнөөдөр залуу “Битлз” тоглоно?
-“Битлз”
хамтлагийн 50 жилийн ойн хүрээнд Монголын “Битлз”-ын фэн клубынхан
маань монголчууддаа тэр дундаа нийслэлчүүддээ нэгэн бэлэг барьж байгаа.
Үүний нэг нь “Bootleg Beatles” хамтлагийг Монголдоо урьж авчирсан явдал.
Өнөөдөр 19.00 цагт Сүхбаатарын талбайд үнэ төлбөргүй тоглолтоо хийхээр
бэлтгэлээ базаагаад байна. “Битлз” хамтлагийн фэнүүд нь тус хамтлагийг
анх 1957 онд үүсэн байгуулагдсан гэж мэдэх ч 1962 онд албан ёсоор тус
хамтлагийг үүсгэн байгуулагдсан гэж тооцдог. Яагаад гэвэл анхны “Please
please me” хэмээх цомог нь 1962 онд гарч байсан. Энэ он тооллоос тоолох
юм бол энэ жил тус хамтлагийн 50 жилийн ой тохиож байгаа. Гайхамшигт
хамтлагийн 50 жилийн ойг энэ жил дэлхий даяараа тэмдэглэж байна. Тэр
дундаа Англи Улс, Ливерпулл хот бүүр их тэмдэглэж байгаа. “Битлз”
хамтлагийн дууг сонсч, хүмүүжиж, шүтэж ирсэн хүмүүсийн хувьд бид
монголчуудаа бэлэг барихаар дээрх тоглолтыг зохион байгуулж байгаа.
-“Bootleg Beatles” хамтлагийн тухайд?
-“Bootleg
Beatles” хамтлагийг тухайд Bootleg буюу дууриах гэсэн утгатай. Дэлхийд
бол хүлээн зөвшөөрөгдсөн хамгийн номер нэг “А” хувилбар гэж яригддаг
хамтлаг Монголд хүрэлцэн ирсэн байгаа юм. Сүхбаатарын талбайд та бүхэн
өнөөдөр орой энэхүү гайхамшигтай хамтлагийн гайхамшигт дуугаар
амьсгалаарай. Сонирхуулахад, Bootleg буюу дууриах урлаг маань өөрөө
хэзээ ч цомог гаргадаггүй. 1978 онд анх энэ хамтлаг маань байгуулагдан
хамгийн анх Bootleg гэдэг нэрийг дэлхийд тунхагласан. Түүнээс хойш
дууриах гэдэг урлаг болтлоо хөгжөөд ганц “Битлз” хамтлаг ч биш, АBBA,
Bee Gees гээд хамтлагийн хувилбарууд байна. Монголд ирээд байгаа эдгээр
залуус бол энэ урлагийн анхдагч нар. 1978 оноос хойш хамтлагийн
бүрэлдэхүүн хэд хэдэн удаа солигдсон. Харин байгуулагдсан цагаасаа хойш
өнөөг хүртэл “Bootleg Beatles” хамтлагтаа хүчин зүтгэж яваа хүн бол
Ринго Старр-ыг дууриадаг залуу юм. Одоо хамтлагийнхаа ахлагч нь. Бусад
нь цаг хугацааны явцад солигдоод явсан. Тэд “Битлз”-тэй хэр адилхан байх
бол гэдгийг өнөө орой харах л үлдлээ.
-Тоглолтод ямар цаг үеийн дуунууд дуулагдах вэ?
-Ерөнхийдөө
“Битлз” хамтлагийн бүх цагийн үеийн хит дуунууд эгшиглэнэ. Тэдний 1962
оны үеийн хит дуунууд “Please please me”, “Hard days night”, дунд үеийн
“Rubber soul”, “Yellow submarine” концертоос нь тоглоно. Мөн хамгийн
сүүлийн үеийн “Let it be”, “Sgt Peppers Lonely heart” концертуудаас
тоглож, нийт гурван хэсэгчилсэн тоглолтыг үзүүлнэ. Тэд хэсэг бүрт
зориулан тоглолтынхоо хувцаснуудыг тус тусад нь бэлтгэж ирсэн байна. Анх
“Битлз” хамтлаг гарч байхдаа нарийн зангиа, костюм өмсдөг байсан бол
сүүлдээ “Sgt Peppers Lonely heart”-ыг тоглохдоо генералын хувцас өмсдөг
шүү дээ. “Bootleg Beatles” хамтлагийнхан тэр бүх хувцастай нь дуулна.
Тиймээс гоё тоглолт болно гэж тэсэн ядан хүлээж байна даа.
-Хэзээ буцах вэ, манай хоттой танилцах цаг зав хэр байгаа бол?
-“Bootleg
Beatles” хамтлагийнхан Монголд богинохон хугацаагаар ирж байгаа. Үүнд
хоёр тоглолт багтсан. Ирэх ням гаригт буцна. Хоёр дахь тоглолт нь
“Битлз” хамтлагийн жинхэнэ фэнүүдийн хүрээнд болно. Энэ тоглолт маань
нэлээн хөрөнгө шаардсан тоглолт. Бид үнэ төлбөргүйгээр ашгийн бус
тоглолт нийслэлчүүддээ зориулан хийж байгаа. Үүнийг “Битлз”-д дуртай,
хайртай, манай фен клубын хэдэн залуус, надад байнга туслаж явдаг хэдэн
найз нар маань дэмжиж, энэ хамтлагийг авчирч байгаа. Тиймээс хоёр дахь
тоглолтыг тусгай хүмүүст зориулан такс төлөөд хийвэл жаахан ч гэсэн
зардлаасаа олох юм бол уу гэж бодож байгаа. Гэхдээ ихэнх нь бараг урилга
болоод явж байна. Зөвхөн УИХ-аас гэхэд 20 гаруй гишүүн урьсан. Энэ
тоглолт бол 200-300 хүний л хүрээнд болно. Бидний зүгээс “Bootleg
Beatles” хамтлагийнханд Монголынхоо ардын урлагийн тоглолтыг үзүүлнэ.
Мөн Азидаа анхны “Битлз” хөшөөг бид нийслэлдээ барьсан. Түүнийг үзүүлнэ.
Хамтлагийн залуус Улаанбаатарт “Битлз” хамтлагийн хөшөө байдаг гэж
амьдралдаа сонсч байгаагүй гэж байна лээ. Тэгээд монголчууд юугаараа
баян, ноолуураараа баян. Монгол ноолууран бүтээгдэхүүнийхээ дээжээс
бэлэглэнэ.
-Өнөөдөр Сүхбаатарын талбайд “Bootleg Beatles” хамтлагтай танай “Шар айраг” хамтлаг хамтран тоглоно гэсэн шүү дээ?
-Гэрээндээ
тэгж тусгасан. Бидний хувьд энэ бол нэр төрийн хэрэг. Үнэхээрийн энэ
гоё хамтлагтай нэг тайзан дээр тоглоно гэдэгтээ үнэхээр их баярлаж
байна. Харамсалтай нь би ажилдаа дарагдаад жаахан нервтээд хоолой
сөөчихсөн байгаа. Өнөөдөр хоолой гарах нь уу, яах нь вэ сайн мэдэхгүй
байна. Гэхдээ манай дуучин Буянаа дуулах юм чинь гайгүй байх. Дээрээс
нь би “Лемонс” хамтлагийн дүү нараа урьсан. Нэгэнт Сүхбаатарын талбай
дээр болж байгаа, олон хүмүүс үзэх юм чинь “Лемонс”-ын дүү нараа ирж
тоглоорой гэсэн. Тэд “ийм гоё хамтлагтай тоглоно гэдэгтээ бахархалтай
байна” гэсэн. Өнөөдрийн тоглолт гайхамшигтай болох байх аа.