Нийслэлийн хэмжээнд 129495 мод тарьжээ

Хуучирсан мэдээ: 2010.05.16-нд нийтлэгдсэн

Нийслэлийн хэмжээнд 129495 мод тарьжээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригт бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласантай холбоотойгоор энэ сарын 15-нд улс даяар мод тарих хөдөлгөөнийг өрнүүллээ. Энэ өдөр иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд идэвхтэй оролцсон бөгөөд өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд урьдчилсан тоо хараахан гараагүй байна. Харин нийслэлийн хэмжээнд энэ өдөр зарим иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудаас ирүүлсэн мэдээллээр 129495 ширхэг мод тарьж, эх дэлхийгээ баярлуулжээ.

Өнгөрсөн өдрүүдэд "Ногоон хот аян-2010" өдөрлөг, Чингэлтэй дүүрэгт Эрх чөлөөний талбайд, Сүхбаатар дүүрэгт Оюутны талбайд, Сонгинохайрхан дүүрэгт Цамбагарав үйлчилгээний төвийн талбайд, Баянгол дүүрэгт Байгаль эх төвийн талбайд, Баянзүрх дүүрэгт Сансар үйлчилгээний төвийн талбайд, Хан-Уул дүүрэгт Ажилчны алдар талбайд зохион байгуулсан үзэсгэлэн худалдаа, эко сургалтууд үр дүнгээ өгсөн нь илт мэдрэгдэж байлаа. Дүүрэг бүр хариуцсан талбай, цэцэрлэгт хүрээлэнгүүддээ мод тарих ажиллагааг зохион байгуулсан бөгөөд Баянзүрх дүүрэг дэх Үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон Баянгол дүүрэг дэх Мөрөөдлийн цэцэрлэгт хүрээлэнд иргэн, байгууллага, хамт олноороо мод тарихаар ирж, оролцож байгаа нь сүүлийн жилүүдэд байгаль орчноо хамгаалах, орчноо тохижуулахад илүүтэй анхаарал тавьж байгаад зохион байгуулагчид сэтгэл хангалуун байгаа аж.

Харин зарим гэр хорооллын айл өрхүүд хашаандаа мод тарьж иргэний үүргээ биелүүлсэн байна. Өнгөрсөн бямба гаригт иргэддээ үйлчилгээг ойртуулах зорилгоор тарьц, суулгацын үзэсгэлэн худалдааг Чингэлтэй дүүрэгт Эрх чөлөөний талбайд, Сүхбаатар дүүрэгт Оюутны талбайд, Сонгинохайрхан дүүрэгт Цамбагарав үйлчилгээний төвийн талбайд, Баянгол дүүрэгт Байгаль эх төвийн талбайд, Баянзүрх дүүрэгт Сансар үйлчилгээний төвийн талбайд, Хан-Уул дүүрэгт Ажилчны алдар талбайд зохион байгуулжээ.

Мод тарих нэг өдрөөр хязгаарлаад өнгөрөх биш, тарьсан модоо арчлах, ургуулах ажлыг энэ жилээс хамтатган зохион байгуулж байна. Тухайлбал Чингэлтэй дүүргийн 56 дугаар цэцэрлэгийн хашаанд энэ сарын 15-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БОАЖ-ын сайд Л.Гансүх болон тус цэцэрлэгийн багш, ажилчид, хүүхдүүдийн ээж аавуудын тарьсан модыг тухайн байгууллагын удирдлага, хүүхдүүд цаашид арчлах, услах үүргийг хүлээж байгаа аж. Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд тарьсан модоо хамгаалах, арчлах нь байгальд ээлтэй иргэн болж төлөвших сайн талтай гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч энэ үеэр онцолж байв. Цаашид хүүхдүүдийн тарьсан модоо ургуулах, хамгаалах, услах ажилд тодорхой хэмжээнд санхүүжүүлэн хамтарч ажиллах болсон талаар Хаан банкны удирдлагууд мэдэгдлээ. 

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж