Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Б.Навчаа “ТВ коктейль”-д нэгджээ. Учир нь тэрбээр “ТВ коктейль”-ынхон тайзнаа тавихаар зэхээд буй “Хоёр ертөнцийн буудал” драмын жүжигт нь хамтран тоглож байгаа гэнэ. Жүжигчин Навчаа гэхээр л хүмүүс түүнийг инээдмийн кино, дэлгэцийн бүтээлийн ааштай ширүүхэн нэгнээр төсөөлдөг болсон. Харин энэ удаад тэрбээр өмнөх дүрүүдээсээ эрс өөр дүрийг бүтээн тэр ч бүү хэл стиль, имижээ өөрчлөн тайзнаа гарах нь. Тэрбээр Францын шинэ үеийн шилдэг зохиолчдын нэг Эрик Эммануэль Шмитийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн эл жүжгийн Мари хэмээх хөөрхийлөлтэй үйлчлэгч эмэгтэйн дүрийг бүтээж байгаа юм. “ТВ коктейль”-д нэгдсэн Навчаа хэрхэн өөрчлөгдсөнийг энэ сарын 9-нд 19.00 цагт Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт нээлтээ хийх “Хоёр ертөнцийн буудал” жүжгээс ирж хараарай.
А.ЗУЛ