Оюутолгойн гэрээг эргэн харна гэв

Хуучирсан мэдээ: 2012.09.07-нд нийтлэгдсэн

Оюутолгойн гэрээг эргэн харна гэв

УИХ дахь нөлөө бүхий улс төрийн бүлгийн гишүүд 13 тэрбум ам.доллар хэдийн зарцуулсан Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээг эргэн харж, Засгийн газрын эзэмшлийн 34 хувийг нэмэгдүүлэхээр Ерөнхий сайд Н.Алтанхуягт шаардлага хүргүүлсэн талаар “Ройтерс” агентлаг өчигдөр мэдээлжээ.

Монгол-Хятадын хилээс 80 км-ийн зайд оршдог Оюутолгойн орд  2018 онд үйлдвэрлэл бүрэн жигдэрч эхлэх үед дэлхий дээрх алт, зэсийн хамгийн том гурван ордын нэг болох юм.

18 сая тонн зэс, 21 сая унци алтны нөөцтэй энэ том орд Монгол Улсын ДНБ-ний гуравны нэгтэй тэнцэх хэмжээний орлогыг улсын төсөвт оруулна гэж эдийн засагчид таамаглаж байгаа юм.

2009 онд Монголын Засгийн газар, Канадын “Айвенхоу Майнз” компанитай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахдаа Оюутолгой төслийн 34 хувийг эзэмшихээр болсон юм.

Уржигдар буюу лхагва гаригт УИХ-ын 24 гишүүн хөрөнгө оруулалтын гэрээг өөрчилж, Оюутолгой төслийн Монголын Засгийн газрын эзэмшлийг 51 хувь болгох тухай шаардлага хүргүүлсэн байна.

Хөрөнгө оруулалтын гэрээнд Оюутолгойн үйлдвэрлэл эхэлснээс хойш 30 жилийн дараа Монголын Засгийн газрын эзэмшлийн хувийг нэмэх тухай заасан байдаг. Өнгөрсөн аравдугаар сард УИХ-ын зарим гишүүд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх шаардлага гаргасан ч төслийн гүйцэтгэгч байсан “Айвенхоу Майнз” гэрээнд өөрчлөлт оруулахаас эрс татгалзсан юм.

Харин энэ удаа УИХ-ын гишүүдийн шаардлагад Засгийн газар татгалзаж чадахгүй бололтой. Уул уурхайн шинээр томилогдсон сайд Д.Ганхуяг өнгөрсөн сард Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг эргэн харах тухай хэвлэлийнхэнд мэдэгдэж байсан юм. Оюутолгой төслийн үйлдвэрлэл ирэх аравдугаар сарын эхээр эхлэх бол бүтээгдэхүүнийг ирэх оны эхний хагаст багтаан гаргахаар төлөвлөж байгаа.

Оюутолгой төслийн менежментийн удирдлагыг гартаа авсан Рио Тинто хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын гишүүд шаардлага хүргүүлсэн тухай мэдээллийн дараа “Монголын Засгийн газар, хөрөнгө оруулагчдын хооронд байгуулсан Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд ийм яриа ямар ч нөлөө үзүүлэхгүй” хэмээн мэдэгдсэн байна. Өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотод болсон “Дисковер Монголия” чуулга уулзалтын үеэр Оюутолгой төслийн гүйцэтгэх захирал Камерон Мак Рэй “Монгол Улс асуудлыг бүтнээр нь харах хэрэгтэй.

Гэрээг байгуулахдаа хөрөнгө оруулагчид олон ажлын байр бий болгож, хамгийн сүүлийн үеийн технологи, шилдэг менежментийн бодлого хэрэгжүүлэх том шийдвэр гаргасан. Тийм болохоор хамтрагчдаа ч мөн тэр хэлсэн амандаа хүрэхийг итгэж хүлээж байгаа. “Рио Тинто” ямагт асуудалд бодитой ханддаг Засгийн газартай хамтарч ажиллаж ирсэн ” хэмээн мэдэгдсэн байна.

Камерон Мак Рэйгийн хэлснээр Монголын Засгийн газар Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний 34 хувиас их ашиг олсон бөгөөд 2009 оноос хойш гадаадын хөрөнгө оруулалт 13 дахин өссөн нь  дээрх гэрээ гадаадын хөрөнгө оруулагчдыг Монголд татсаныг баталсан гэжээ. Тэрбээр мөн Оюутолгойн хөрөнгө оруулалт Монголын эдийн засгийн гуравны нэг хувьтай  тэнцэх хөрөнгийг оруулсан гэсэн байна.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж