хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдний нэр төрийг сэргээж, дурсгалыг нь
мөнхжүүлэх, нөхөх олговор олгох, ялангуяа энэ аймшигт улс төрийн
хэлмэгдүүлэлтийг дахин гаргуулахгүй байх тийм эрх зүйн орчин бүрдүүлсэн
нь Монголын ардчилсан шинэ төрийн нэг том ололт юм гэдгийг Монгол Улсын
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион
байгуулах улсын комиссын гишүүн П.Цагаан онцлон тэмдэглэв.
Тэрээр улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн дурсгалын өдрийг
тохиолдуулан хэлмэгдэгчдийн төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзах үеэр
ийнхүү тэмдэглээд өнгөрсөн хугацаанд 31 мянга гаруй хүний хэрэг хилс
болох нь тогтоогдож цагаатгагдаад байна. Түүнээс гадна 17.500 хүнд 16
гаруй тэрбум төгрөгийн нөхөх олговор олгогдоод байгаа тухай
танилцууллаа.
Дараа нь тэрээр Ч.Цэмбэлдорж, Ё.Цэрмаа, М.Данзан нарын зэрэг нэр бүхий хэлмэгдэгсдийн төлөөлөлд буцалтгүй мөнгөн тэтгэмж олгов.
Мөн өдөр Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын нарийн
бичгийн дарга О.Лхагварэнцэн цагаатгах ажлын явц, шийдвэрлэх
шаардлагатай асуудлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Орон нутгийн цагаатгалын салбар комиссууд, хэлмэгдэгсдийн зүгээс “Улс
төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох”
тухай хуулийн зарим зүйл, заалтын үйлчлэх хугацаа дууссантай холбоотой
ирүүлсэн санал хүсэлтийг үндэслэн хугацааг нь сунгах саналаа
боловсруулж, шийдвэрлүүлэхээр бэлтгэж байгаа талаар тэрээр ярив.
Мөн 9 дүгээр сарын 10-нд тэмдэглэх Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн
дурсгалыг хүндэтгэх өдөр олон арга хэмжээ зохион байгуулахаар
төлөвлөсөн бөгөөд энэ хүрээнд хэлмэгдэгсэд тэдний үр хүүхэд, төрөл
төрөгсдийг хүлээн авч уулзах, хэлмэгдэгсдийн хөшөө, булш, суварганд
цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэх, ярилцлага, уулзалт зохион байгуулах зэрэг
арга хэмжээ болох талаар Комиссын нарийн бичгийн дарга О.Лхагварэнцэн
танилцуулав гэж Комиссын хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв.