Миний “Үзэхийн хязгаар”

Хуучирсан мэдээ: 2012.09.07-нд нийтлэгдсэн

Миний “Үзэхийн хязгаар”

Хэвлэгдэж гараад удаагүй нэг номыг гуравхан сарын дотор бараг 30 гаруй удаа уншчихлаа. Хэн ч албадаагүй, эл  номоор сүүлд нь шалгалт авна гэж тулгаагүй байхад дотоод итгэл, сэтгэлийн зөн­гөөрөө салж чадахгүй байгаа нь тэр. Өнөө ч миний ширээнээс буух болоогүй бололтой. Тэр даварсан ном бол яруу най­рагч Л.Өлзийтөгсийн “Үзэхийн хязгаар”. Содон нэрэнд нь дурлаж аваагүй. Аль ч номын дэлгүүрт ороход хам­гийн түрүүнд анхаарал татдаг брэнд шошго болох “Л.Өлзийтөгс” хэмээх нэрээр нь авсан ном. Өөрийнхөө туулж өнгөрүүлсэн амьдралын тухай өгүүлэхдээ аливаа зүйлст хэрхэн ямар өнцгөөр ханддагаа нэг л өөр өнгөөр “буулгасан”-д уншигчийг татах нууц нь бий гэж бодно. Би Л.Өлзийтөгсийн уншигч. Түүний бүх номыг уншсан. Шүлгүүдэд нь дуртай. Бас заримд нь дургүй. Хайр дурлал, цэцэг навч, үүл, бороо, солонго, тайлаад шидсэн  даа­шинзны хормой хэрхэн хунирдгийг, өсгий нь хугархай туфлиэ бариад үүрээр харихад хадам ээжийн ядарсан харц яаж угтдагийг, хүний нутгийн сониуч соно  хайрлана гэдэг хайч аваад нүдээ сох хатгахыг хэлдэг тухай, сүмийн орой дахь бодь гөрөөс зүүрмэглэж, тайчигч охиныг хэрхэн ойлгож өршөөсөн хийгээд ертөнцийн хязгаар дахь модон гүүр, гартаа атгасан од, түүнийг нь цамцныхаа энгэрийн халаа­санд яаж нуухыг заримдаа Л.Өлзийтөгсөөр хардаг. Өөрөөр хэлбэл Л.Өлзийтөгс гэдэг “нүдний шил”-ийг нүдэндээ биш  тархиндаа зүүгээд үе үехэн санааширдаг. Уйтгарладаг. Уурладаг. Баярладаг. Заримдаа бүр үзэн яддаг. Гэхдээ би ганцхан Л.Өлзийтөгсийн уншигч биш. Олон найрагчийн номыг тархиндаа “зүүх” нь ч бий.  Харин энэ тухай яагаад бичих болов оо. Түүний номыг гармагц магтаал баахан хөвөрсөн. Утгатай нь ч байсан, утгагүй зураглал ч байсан. Тэднээс дутахгүй гэсэндээ үүнийг бичээгүй. Харин Өмнөговь аймгийн Гурван сайхан уулын Дунд сайхны хэцэд далайн төвшнөөс дээш 2500 гаруй өндөрт суухдаа өөрийнхөө “Үзэхийн хязгаар”-ыг олж харах шиг болсон… Тэгээд бодсон. Өдрийн турш их юм бодсон. Амьдралын тухай, охиныхоо тухай, сэтгүүлчдийн тухай, яруу найрагчдын тухай.  Дөрвөн уулынхаа дунд чихцэлдэж, хэрэлдэж өнгөрүүлдэг өдөр хоногуудынхаа тухай. Тэгээд Л.Өлзийтөгсийн “Үзэхийн хязгаар”-ыг өөрийнхөө үзэж амссан “Үзэхийн хязгаар”-тай холбож нэг юм бичихсэн гэж бодсон. Түүний номын нэрийг хашилтад хийгээд өөрийн болгоод бичихээр шийдсэн. Гарчиг “хулгайлах”- аа хоёрхон хашилтаар цайруулж байгаа хэрэг. Хулгай гэснээс би дөнгөж сургууль төгсөх үедээ бас нэг хулгай хийсэн. Яруу найрагч, “Болор цом”-ын эзэн Баяржаргал ахад нэг өдөр баахан худлаа ярилаа. “Би шүлэг бичдэг за юу…” гэж байгаад л Л.Өлзийтөгсийн шүлгүүдээс уншиж гарсан, шараа гэдэг нь. Очиж, очиж Ж.Баяржаргал ахад Л.Өлзийтөгсийн шүлгүүдээс уншаад байхдаа яахав дээ. Яагаад тэгснээ одоо л ойлгож байна. Түүний шүлгүүдэд автчихсан байж. Тэгээд л худлаа ярьж. Ж.Баяржаргал ах инээснээ “ Наадах чинь Өлзийтөгсийн шүлгүүд байна шүү дээ ” гэхэд “Үгүй, би бичсэн юм” гэчихээд ичсэндээ гараад гүйчихэж билээ. Одоо би Ж.Баяржаргал ахтай дайралдах бүртээ нүүр хийх газаргүй болдог. Мань хүн санадаг эсэхийг бүү мэд. За энэ ч яахав. Миний “Үзэхийн хязгаар“. Үхэлтэй анх нүүр тулсан маань 17 жилийн өмнө билээ. Хичээлээсээ тараад өвөөгийнхөө хашааны хаалгаар дөнгөж ортол гэрийнх нь өрхийг бүтээчихсэн байсан. Өвөр дээрээ эрхлүүлж, мориндоо сундалж, үүрч дүүрч өсгөсөн өвөө маань алс хол явчихсан байж билээ. Гандмал ногоон дээлтэйгээ ганц нүдний сунадаггүй  дурангаа барин  бөгтийгөөд зогсож байдаг өвөө минь одоо ч сэтгэлд илхэн. Үе үехэн сэтгэлийг минь байя даа гэтэл сэмлэж дотор эгшээсээр. Морьтон удмын гайхамшигт түүх шастир ярьж, төвд хэлнээс судар орчуулж суудаг өвөөгөө холын замд үдсэн өглөө би бараг ухаангүй байсан байх аа. Учир нь тэр тухай одоо би юу ч санадаггүй юм. Аймаар хүйтэн өглөө зургийг нь бариад ачааны машин дээр явж байснаа л санадаг… Нулимс, хагацал… мэдэхгүй ээ…мэдэхгүй.  Харин өдгөө 40 насны босго дөхөх үедээ өвөөгийн минь ярьж хэлж байсан бүхэн миний амьдралын луужин  болж байгааг ухаарч явна.  Намайг  хүмүүс үзэн ядах бүрт, аманд  орсон үгээрээ доромжилж, зүрх сэтгэлийг минь хайр найргүй урах зарим үед би тэсгэл алдаад сэтгэл дотроо “Өвөө… өвөө минь намайг аваач дээ…” гэж байдаг чангаараа хашгирдаг. Хэн ч сонсохгүй. Ганцхан өвөө минь  л бурхны орноос зээгийнхээ дууг сонсч шимширдэг биз. Гэхдээ энэ бол миний гомдол, тэвчээрийн туйл юм. Тэрнээс дандаа ингэж тэсгэл алддаггүй ээ. Доромжлогчдын арми намайг алхам тутамд минь сүүдэр адил дагаж мөрдсөөр. Хатуу үгтэй нийтлэлүүдээ  бичиж л байвал тэд дагасаар байх болно гэдгийг би ухаардаг. Ухаарсан учраас энэ замаасаа гажихгүй явсаар өнөөг хүрэв. Цаашдаа ч өөрийнхөө  хязгаарыг хүртэл бас явсаар байх болно. 

О.Дашбалбар агсны үхэлтэй намайг холбож гүтгэх бүрт би… Тухайн үед нэг сонинд ажиллаж байсан сэтгүүлч бүсгүйтэй намайг эндүүрэх тусам би бараг баярладаг. Түүнд итгэж түүнийг өмөөрч бичсэн минь үнэн. Бараг 16 жилийн турш зарим нэг хүнээр гүтгүүлж байгаадаа ийнхүү сайн сайхан амьдарч яваа ч байж магадгүй. Харин хэргийн эзэн хэрхэн амьдарч яваа нь бас сонин. “Үйл үйлээ эдэлж, үнээ тугалаа дагадаг” ёсон бий…  “Үзэхийн хязгаар”-ыг би ганцхан утгаар нь баригдмал байлгамааргүй байна. Энэ хорвоо дандаа өргөстэй биш бас цэцэгтэй. Би голдуу л цэцгэн дундуур туучсаар амьдарсан. Харин ажил мэргэжил минь дандаа өргөсөн дундуур туучуулсан даа. Цаашид ч ялгаагүй биз ээ…

Би амьдралдаа дөрөвхөн номыг  маш  олон удаа уншсан байдаг юм. Америкийн зохиолч Теодер Драйзерын 1900 онд бичсэн  “Керри эгч”-ийг бараг 100 гаруй удаа уншсан байх. Америкийн 100 гаруй жилийн өмнөх тэр амьдрал яг өнөөдрийн Монголын амьдралын эд эс бүхэнд давтагдаж байгааг гайхдаг. Дрүэ шиг, Херствүд шиг, Керри шиг хүмүүстэй өдөр тутам тааралдахдаа тэднийг би түвэггүйхэн таньдаг болсон. Араас нь Омар Хаямыг гуравдугаар ангиасаа эхлээд өнөөг хүртэл уншлаа… Салж чаддагүй юм, үнэндээ. Шавар тагш уруул тосоход хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйн уруулын өмнөөс хэрхэн хашгирдгийг, бид амьдралын тайзан дахь утсан  хүүхэлдэй, тэгээд амьдрал аажмаар биднийг хэрхэн авдрандаа хураадаг тухай… хөл доор гишгэгдэх өвс сайхан бүсгүйн намирсан үс байсан тухай… Гуравдугаар ангийн сурагч би өвөөгийнхөө хуучин амбаарыг ухаж тоглоом хайж яваад Омар Хаямын салбарч урагдсан шүлгийн түүвэр олсон билээ. Энэ бол миний амьдралдаа олсон хамгийн том “хөрөнгө” байсныг одоо л би ухаарч байна. Тэр өдрөөс би номонд дуртай болж энэ ертөнцийн бүх юм хоорондоо уялдаа холбоотойг сэхээрсэн гэж бодно. Том бодож байж  магадгүй ээ. Гэхдээ ингэж  итгэхийг хүсдэг.  Харин би энэ амьдралд ганц зүйлийг л олсонгүй. Тэр нь найз нөхөд. Хэнд би чин сэтгэлээсээ хандана тэр дандаа урван тэрсэлж байдгийг ойлгохгүй явсаар өнөөг хүрчихлээ. Хэнд сэтгэлээсээ итгэнэ түүнд сэнсэртлээ хууртсаар үлддэгээ гайхдаг. Хууртах бүртээ би

…Айлчилж ирсэн нөхөд минь буцлаа

Асгарах нулимс нүдийг минь бүрхлээ

Хун, хундаа   дасдгийн адилаар

Хүн, хүндээ дасдаг юм байж дээ… хэмээх дууны бадгийг сэтгэлдээ аялдаг. Гэхдээ яахав ээ, хууртаж л байг.  Нөгөө “…Зүсэрч л байг бороо юм чинь, сэмэрч л байг сэтгэл юм чинь…” гэдэг шиг миний ийн шаналсны тоогоор үр хүүхдийг минь сайн нөхдөөр шагнах байлгүй, бурхан. Тэр дандаа миний талд байсаар ирсэн.  Хүссэн бүхэн минь бүтдэг. Эхэлсэн ажил минь дандаа сайн сайхан болж амжилтад хүрдэг. Сайхан хамт олноор хүрээлүүлдэг. Харин найз нөхдийг л бурхан надаас харамласан шиг харамласан даа. Гэхдээ би түүнийг аль эрт уучилсан. “Одоо би шаналахаа больсон. Учир нь зүрх сэтгэлдээ бэлгэвч углачихсан” гэж өөрөө өөртөө хэлдэг болсоон…

Бараг гурван жилийн өмнө уншигчдын хүртээл болсон Ц.Хулангийн “Зүгээр л нэг амьдрахсан” дурдатгалыг 20 гаруй удаа уншсан байдаг юм. Одоо ч номын сангаасаа үе үе сугалж авчраад унших дуртай. Ц.Хулан, Л.Өлзийтөгс хоёр бол нэг үед амьдарч яваа ч өнгө төрх, үзэл бодол нь тэс өөр хоёр агуу яруу найрагч хатагтай. Ц.Хулан уламжлалт аргаар туурвидаг бол Л.Өлзийтөгс уламжлалыг хүчтэй эвдэж огт өөр нэг өнгийг Монголын утга зохиолд авчирсан шидтэй. Гэхдээ Ц.Хулан ч  бас яруу найргийн нэг өөр өнгө юм шүү. Аль аль нь ухаарал өгдөг. Учирлаж, аргаддаг атлаа амьдралыг үзэх  нь огт өөр. Ц.Хуланг уншихаар ардын дууны аялгуу сонсогдох шиг,  заримдаа бүр сонины хурц, дайчин нийтлэл уншиж байгаа юм шиг болдог. Харин Л.Өлзийтөгс бол С.Саранцацралтын зургууд шиг… Н.Жанцанноровын аялгуу шиг заримдаа бүр транс ч юм шиг санагдана. Эл хоёр бүсгүйн дурдатгал номыг уншаад,  шүлгүүдийг нь яаралгүй тайван “хүлхэж” байх нь надад хамгийн сайхан мэдрэмж төрүүлдэг. Ингээд дөрөв дэх хамгийн ихээр сонирхол татсан ном бол мэдээж Л.Өлзийтөгсийн “Үзэхийн хязгаар”. Сэтгүүлч хүн олон юмнаас үүдэж нийтлэл бичдэг. Зурагнаас, зүйр үгнээс, улс төрөөс, үйл явдлаас,ер нь юунаас ч байж болно. Тийм нийтлэл бичих шиг амархан юм надад лав байхгүй.  Харин өөрийнхөө  сэтгэлд хамгийн хөндүүр байдаг сэдвээ олны өмнө тайчих мэт гаргаж тавих зоригийг надад “Үзэхийн хязгаар” өгөв. Яагаад, ямар учраас ийм бодол төрснийг би тайлбарлаж чадахгүй. Дундсайхан  уулын хэцэд алсыг хараад өдөржин бодол болж суухад “Миний “Үзэхийн хязгаар” орж ирсэн юм. Ямар нэг чимэг байхгүй. Гүн ухаан байхгүй. Далд санаа агуулаагүй. Хүнээс мөнгө төгрөгөөр захиалга аваад бичээгүй. Зүгээр л “Үзэхийн хязгаар”. Тиймээ, Л.Өлзийтөгсийн “Үзэхийн хязгаар “…

Л.Мөнхбаясгалан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж