Төрийн ордны Их танхимд “Нутгийн удирдлагын өнөөгийн байдал цаашдын хандлага” сэдвийн дор онол практикийн бага хурал болж байна. Уг бага хуралд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож амжилт хүслээ. Монгол Улсын Засгийн газар байгуулагдаад 20 гаруй хонож буй бөгөөд өнгөрсөн мягмар гаригт орон нутгийн удирдлагуудтай видео хурал хийж цаг үеийн асуудлаар санал солилцсон байна. Засгийн газрын хувьд орон нутагт тулгамдаж байгаа асуудалтай танилцахын тулд заавал томилолтоор явж, зардал чирэгдэл үүсгэх албагүй техник технологийн дэвшлийг ашиглаад асуудлыг ярилцах бололцоотой. Энэ боломжийг шинэчлэлийн Засгийн газар ашиглана. Нөгөө талаас орон нутгийг хөгжүүлэхэд заавал хуульд өөрчлөлт оруулах, Үндсэн хуульд гар хүрэх шаардлагагүй юм гэдгийг Сүхбаатар аймгийн Засаг дарга Батсуурь өнгөрсөн хугацаанд харуулсан. Тиймээс санаачлага байвал хөгжлийг авчирч чаддаг юмаа гэдэг энэ туршлагыг Засгийн газар хөхүүлэн дэмжиж ажиллана. Засгийн газрын хувьд ирэх жилд таван аймгийг хот болгож хөгжүүлнэ, ийм төлөвлөлттэйгээр 21 аймгаа хот шиг болгож хөгжүүлнэ гэдгээ энэ үеэр онцоллоо.
Мөн тэрбээр өнгөрсөн гурван жилийн хугацаанд Тэргүүн шадар сайдын алба хаших хугацаандаа жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр бизнес эрхлэгчдэд ямар зовлон бэрхшээл тулгардгыг орон нутагт ажиллахдаа сайн мэдэрсэн. Ер нь төрийн ажилд томилогдсон эрхмүүдийн хувьд “Мөнгөгүй бол ажил хийх боломжгүй, мөнгөтэй бол, гялтагнуулаад өгнө” гэдэг хуучин сэтгэлгээнээсээ салах ёстой. Мөнгө бол бүхнийг бүтээгч биш, үүнд сайн төлөвлөлт, ард иргэдээ ажилтай, орлоготой болгохын тулд гол нь сэтгэл зүтгэл, түүнийгээ хэрэгжүүлж ажилладаг байх зарчим чухал болохыг тэмдэглэв.
Нутгийн удирдлага шинээр үүсч хөгжсөний 20 жилийн ойд зориулсан эл онол практикийн бага хуралд аймаг, сумын Засаг дарга нараас гадна Монголын Нутгийн удирдлагын холбооны тэргүүн, УИХ-ын гишүүн С.Батболд, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, Нутгийн удирдлагын дэд хорооны дарга Д.Батцогт нар оролцож байна.
Г.ДАРЬ