![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/8/7ed508de990cd156/c9bb592f84d7a803big.jpg)
Мөн хэлэлцүүлгийн шатанд гадаад орчинд эдийн засгийн тогтворгүй байдал давамгайлж зарим улс орнууд бүсээ чангалан өр зээлэндээ баригдаж байхад Монгол Улс ч бас энэ бүхнийг анхаарах ёстой болж буй тухай УИХ-ын гишүүн Н.Энхболд хөндлөө. Тэрбээр хэлэхдээ “Монгол Улсын эдийн засаг өмнөд хөршөөс их хамааралтай, дээр нь хойд хөршийн эдийн засгийн байдал бас тогтворгүй байгаа. Ийм үед төсвийн алдагдлыг таван хувиас хэтрэх байдлаар төлөвлөөд буй нь дотооддоо төлөвлөлтийг маш сайн хийхгүй бол эдийн засагт хүндрэл авчирна” гэсэн юм. Үүнд УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн “Гадаад нөхцөл байдал амаргүй байгаагаас зэс, нүүрс зэрэг бүтээгдэхүүний эскпортын хэмжээ буурч, тэр хэрээр төсвийн орлого буурч байгаа. Тухайлбал, Хүний хөгжлийн сангийн орлого 44 тэрбум, Тогтворжилтын сан 222 тэрбум төгрөгөөр тус бүр буурна. Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн тодотголд төсвийн алдагдлыг ДНБ-ийн 4.9 хувиас хэтрүүлэхгүй гэж тусгасан. Тийм учраас байнгын хорооны төвшинд асуудлыг ярилцаад таван хувиас хэтрүүлэхгүй байх талд анхаарч байна. Ер нь хямрал айсуй гээд нэг талаас хөрөнгө оруулалтыг хэт хумивал бизнесийн эргэлтэд сөрөг нөлөө үзүүлэх гэхчлэн олон сөрөг үр дагавар дагуулах талтайг онцоллоо.