Тэдний нэг “Нандин эрдэнэ”, “Улаанбаатарын үдэш” гээд алтан үеийн хит дууны эзэн, хүүхэд бүрийн мэддэг “Тавтай нойрсоорой”, поп хатагтай Сараагийн “Мартъя”, Т.Ариунаагийн “Зөвхөн тэр хайрандаа”, С.Сэрчмаагийн “Эрх хонгор сэтгэл” гээд олон хит дууг зохиосон хөгжмийн зохиолч, Соёлын тэргүүний ажилтан Г.Пүрэвдоржийг танихгүй хүн ховор.
Харин түүнийг өдий хүртэл урлагт зүтгэхдээ өөрийнхөө бие даасан тоглолтыг нэг ч удаа хийж байгаагүй гэдгийг сонсоод гайхах хүн олон биз. Урлагийнхан түүнийг “сахал” Пүүжээ хэмээн хүндэлж, хайрладаг. Тэгвэл тун удахгүй хөгжмийн зохиолч сахал Пүүжээ “тэсрэлт” хийх нь ээ.
Өнгөрсөн хавраас бие даасан тоглолтынх нь сураг дуулдах болсон ч сонгууль, наадам гээд хойшлогдсоор байсан түүний “Нандин эрдэнэ” нэртэй анхны бие даасан тоглолтоо энэ сарын 21-нд болох гэнэ. “Улаанбаатар палас”-т болох түүний тоглолтыг “On and Off” продакшн хариуцан ажиллаж байгаа аж.
Амьд хөгжмийн хэмнэл дор урлаг, соёлын одод чуулах энэхүү тоглолтоор нь түүнийг ямар зиндааны төгөлдөр хуурч гэдгийг мэдрээд зогсохгүй түүний урын сан хэр зузаан баян болохыг харах нь ээ.