“Шинхуа”: Нүүрсний зах зээл сэргэнэ

Хуучирсан мэдээ: 2012.09.07-нд нийтлэгдсэн

“Шинхуа”: Нүүрсний зах зээл сэргэнэ

Хятадын төрийн өмчийн нүүрсний магнат “Шинхуа Энержи” компанийн Дэд ерөнхийлөгч Ван Жинли энэ оны сүүлээр Хятадын нүүрсний зах зээл эргээд сэргэнэ гэж өнгөрсөн сарын сүүлээр мэдэгдсэн. Тэрбээр өмнөх саруудад нүүрсний агуулахууд дахь нөөц үлэмж хэмжээгээр өссөн ч эдийн засгийн өсөлтийн удаашралаас үүдэн нөөцийн хэмжээ эргээд мэдэгдэхүйц буурна гэж тайлбарлажээ. Энэ дагуу олон улсын хэвлэлүүдэд нүүрсний үнэ оны сүүлээр өсөх хандлагатай тухай мэдээлж эхлээд байна.

Одоогийн байдлаар тус улсад нүүрсний үнэ сүүлийн хоёр жилийн хугацаан дахь хамгийн доод үнэдээ хүрээд байгаа юм. Тухайлбал, эрчим хүчний нүүрс тус улсад 626 юань/тонн байгаа ажээ. Боомтуудын агуулах дахь нүүрсний нөөц ч багасч эхэлжээ. Нүүрсний гол боомтуудын нэг “Чинхуандао”-д өнгөрсөн зургадугаар сарын дундуур нүүрсний нөөц 9.47 сая тонн байсан бол өнгөрсөн сарын сүүлээр нөөцийн хэмжээ 32.6 хувиар буурч 6.38 сая тонн болжээ.  Түүнчлэн Хятадын гол долоон боомтын нүүрсний агуулах дахь нөөц зургадугаар сарын сүүл үетэй харьцуулахад бараг 23 хувиар буурчээ.

Мөн тус улсын нүүрсний цахилгаан станцууд дахь нөөцийн хэмжээ ч одоогийн байдлаар өнгөрсөн зургадугаар сарын сүүл үетэй харьцуулахад 12.9 хувиар буурч, 85 сая тоннд хүрээд байгаа ажээ. “Шинхуа” энэ жил 289.9 сая тонн нүүрс олборлож, 410.5 сая тонн нүүрс худалдаалах зорилт тавьж буй бөгөөд энэхүү зорилтоо бүрэн биелнэ гэдэгт итгэлтэй байгаагаа тус компанийн Дэд ерөнхийлөгч Ван Жинли мөн мэдэгджээ. Үүнээс гадна усан цахилгаан станцын эрчим хүч үйлдвэрлэлийн бууралт болон томоохон мужуудын нүүрсний олборлолтыг багасгах шийдвэр нь нүүрсний үнэ оны сүүлээр өсөх магадлалыг улам нэмэгдүүлж буй ажээ. 

“Шинхуа Энержи” компанийн хувьд Хятадын хамгийн том нүүрс олборлогч бөгөөд энэ оны эхний хагасын байдлаар 19 тэрбум гаруй ам.долларын орлого олж, 3.98 тэрбум ам.долларын цэвэр ашигтай ажиллажээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 14.7 хувиар дээгүүр үзүүлэлт болж байна. Ашиг ийнхүү нэмэгдсэн нь худалдааны хэмжээ нэмэгдсэнээс гадна, нүүрс, цахилгааны үнэ өссөнтэй холбоотой ажээ. “Шинхуа” энэ оны эхний хагаст нийтдээ 222 сая тонн нүүрс худалдаалсан нь өмнөх оны мөн үеийнхээс 16.2 хувиар ахиу борлуулалт юм. Мөн тус компанийн мэдэлд байдаг цахилгаан станцуудын эрчим хүч үйлдвэрлэлийн хэмжээ ч өмнөх оныхоос 15 хувиар нэмэгдсэн байна. Тус компанийн үндсэн үйл ажиллагаа нь нүүрс олборлолт, цахилгаан үйлдвэрлэл, төмөр замын тээвэр, боомт, далайн тээвэр зэргийг хамардаг юм. 

Б.Төгс

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж