Тэмцээний эхний өдөр (09.05) эмэгтэйчүүдийн 10 метрийн 40 сум буудах хийн урт бууны охидын төрөлд ХУИС-н оюутан, “Грейт Парагон” группийн тамирчин ОУХМ Г.Нандинзаяа түрүүлж, алтан медаль хүртсэн. Тэрбээр үндсэн дасгалд 399 (100, 99, 100, 100) онож, шилдэг наймд нэгээр шалгарсан бөгөөд шигшээ буудлагад 104,4 оноо авч нийлбэрээр 503.4 оноогоор оюутны дэлхийн аварга болсон бол багийн төрөлд ОУХМ Г.Нандинзаяа 399 (1), ОУХМ О.Янжинхам 395 (13-р байр), ОУХМ Я.Заяа 390 оноогоор тус тус онож нийлбэр дүнгээр 1184 оноо авснаар багаараа дахин алтан медаль хүртээд байсан.
Тэгвэл тэмцээний хоёр дахь өдөр болох өчигдрийн тэмцээнд эмэгтэйчүүд дахин хос хүрэл медаль хүртлээ.
Эмэгтэйчүүдийн гар бууны 25 метрийн хурдан буудлагын (Rapid) ганцаарчилсан төрөлд БНСУ-ын тамирчин Ким Хи Жи 778.1 оноогоор түрүүлж, оюутны дэлхийн аварга болсон бол, ОХУ-ын тамирчин Екатерина Коршинова 771.5 оноогоор удаалж, ОУХМ Т.Баярцэцэг 770.6 оноогоор хүрэл медаль хүртлээ. Шигшээ наймын буудлагад ОХУ, БНСУ-ын тус бүр хоёр, Монгол, Польш, Финланд, Израйлын тамирчид багтсан байна.
Мөн энэ төрлийн багийн буудлагад ОХУ-ын баг 1705 оноогоор түрүүлж алтан медалийн эзэн болсон бол, БНСУ 1701 оноогоор удаалж, Монгол улс 1686 оноогоор хүрэл медалийн эзэн боллоо. Манай улсын багт ОУХМ Т.Баярцэцэг, ОУХМ Т.Гантуул, спортын мастер Д.Энхзул нар багтлаа.
Тэмцээний хоёр өдрийн дараах манай улс байдлаар хоёр алт, хоёр хүрэл медальтай явж байгаа бол ОХУ-ын буудагчид зургаан алтан медальтайгаар тэргүүлж байна.