“Эрдэнэт” үйлдвэр олимпийн медальтнуудаа мялаалаа

Хуучирсан мэдээ: 2012.09.07-нд нийтлэгдсэн

“Эрдэнэт” үйлдвэр олимпийн медальтнуудаа мялаалаа

Лондонгийн Олимпийн их наадмаас хүртэж чадсан таван медалийн гурав нь “Эрдэнэт” үйлдвэрийн дэргэдэх “Хангарьд” клубын тамирчдынх юм. Өөрөөр хэлбэл Эрдэнэт үйлдвэрийн Их спортод оруулж байгаа хөрөнгө оруулалт үр дүнгээ өгч эхэлснийг харуулж байна. Өчигдөр “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал Ч.Ганзориг тэргүүтэй  үйлдвэрийн удирдлагууд “Хангарьд” клубээрээ овоглодог Олимпийн баатруудаа  хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Лондонд болсон зуны олимпийн 30-р наадмаас боксын төрөлд  мөнгөн медаль хүртсэн МУГТ Н.Төгсцогтыг 60 сая төгрөгөөр, хүрэл медальт  МУГТ У.Мөнх-Эрдэнийг 30 сая төгрөгөөр, жудо бөхөөр хүрэл медаль хүртсэн МУГТ С.Ням-Очирыг 30 сая төгрөгөөр, Байт харвааны шигшээ 16-д шалгарсан ОУХМ Б.Урантунгалаг, Атланта-96” олимпийн хүрэл медальт, МУГТ Б.Нармандах нарыг тус бүр 10 сая төгрөгөөр шагнаж урамшуулсан байна.  Мөн Олимпийн наадамд оролцсон баг тамирчдын бэлтгэл сургуулилтанд онцгой анхаарч, өндөр ур чадвар гарган ажилласан Боксын шигшээ багийн дасгалжуулагч, МУГД Б.Ганзориг тэргүүтэй багш дасгалжуулагчдыг болон бусад дасгалжуулагчдыг 45 сая төгрөгөөр, МУГД Ш.Бат-Орших, байт харвааны шигшээ багийн менежер В.Сумъяасүх нарыг 10 сая төгрөгөөр тус тус шагнажээ.

 Шагнал гардуулах үеэр үйлдвэрийн Ерөнхий захирал Ч.Ганзориг “Эрдэнэт” үйлдвэр нийгмийн хариуцлагатай компанийн хувьд нийтийн биеийн тамир, их спортыг дэмжсээр ирсэн.  Үүний үр дүнд монголчууд түүхэндээ байгаагүй амжилтыг Лондонгийн олимпод гаргаж таван медаль авсны гурвыг “Хангарьд” спорт клубын тамирчид хүртсэн. Энэ бол манай үйлдвэрийн 6000 гаруй ажиллагсдын хүч, сэтгэл, зүтгэл шингэсэн медаль гэдгийг тэмдэглэн хэлэхэд таатай байна гээд Од хийморьтой Монгол үрсээс олимпийн аваргууд олноороо төрж, орчлонгийн зулайд төрийн дуулал маань Олон удаа эгшиглэх болтугай хэмээн ерөөлөө. Ийнхүү төрийнхөө алтан соёмбыг хүний нутгийн тэнгэрт мандуулж ард түмнээ баярлуулсан гавьяатнууд өнөөдөр Эрдэнэт хотноо морилж олон сар жилийн хүч хөдөлмөрөө үнэлүүлж урам авчээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж