Анхны атарчдын залгамж халаа үр хүүхэд, ач зээ нар нь хамтран “Атарчдын залуу залгамж” нийгэмд үйлчлэх Төрийн бус байгууллага байгуулжээ. Тус Төрийн бус байгууллагаас Хонгор сумын төвийн гэр хорооллыг төвлөрсөн усан хангамжинд холбох “Цэвэр ус” төлөвлөгөөт ажлыг эхлүүлэв. “Сумынхаа хөгжлийн төлөө бид хамтдаа” гэсэн уриан дор нэгдсэн залуус Засаг даргын тамгын газартайгаа хамтран Хонгор сумын 1-р багийн Сансар хэсгийн зургаан айлыг төвлөрсөн цэвэр усан хангамжтай холбох гэнэ. Зургаан өрхийг төвлөрсөн усан хангамжинд холбоход 5.4 сая төгрөг шаардлагатай байгаа аж. Энэ хөрөнгийг тэд иргэд, аж ахуйн нэгж байгууллагын хандив дэмжлэгээр цуглуулж байгаа бөгөөд одоогийн байдлаар ажлаа эхлүүлчих бололцооны хөрөнгийг төвлөрүүлж чадсан аж. Айл өрхийн хашаанд нь цэвэр усны шугам оруулах энэ ажлыг өвлийн хүйтнээс урьтаж амжуулахыг зорин ажиллаж байгаа юм байна.
М.Дэлгэржаргал /Дархан/