“Алтан элс” эмнэлгийн эмчлүүлэгсэд эм, тарианаас хорджээ

Хуучирсан мэдээ: 2012.09.07-нд нийтлэгдсэн

“Алтан элс” эмнэлгийн эмчлүүлэгсэд эм, тарианаас хорджээ

Баянгол дүүргийн V хороо Н.П.Шастины нэрэмжит III эмнэлгийн хажууд байрлах “Лунобо” компанийн “Алтан Элс” дотрын клиникийн сувилалд хэвтэн эмчлүүлж байсан 13 хүн эм тариандаа хордсон хэрэг энэ сарын 5-наас 6-нд шилжих шөнө гарчээ. Тухайн өдрийн эмчилгээнд “Рибоксин”, “Витамин С”, “Витамин РР”, “Натри салицилат”, “Метрогель”, “Кали смесс” зэрэг эм тариа хийсэн байна. Эмчилгээг хийлгэсний дарагаар буюу 13.00 цагаас эхлэн эмчлүүлэгсдийн бие тавгүйтэж, толгой эргэх, чичрэх, халуурах, бөөлжих зэрэг шинж тэмдэг илэрч эхэлжээ. Энэ тухай эмнэлгийн дарга н.Цэндсүрэнд мэдэгдэхэд халуун бууруулж өвчин намдаах зорилгоор “Анальгин”, “Демидрол”, тарьж, “Парацетамол” эмийг уулгасан бөгөөд хэсэг хугацаанд өвчтнүүдийн биеийн байдал дээрдсэн аж. Гэтэл оройн 18.00-20.00 цагийн үед өвчтөнүүд дахин халуурч эхэлсэн байна. Тиймээс эмч нар өвчин намдаах тариа хийгээд түргэн тусламж дуудсан байна. Яаралтай тусламжийн төвийн эмч нар өвчтөнүүдийг нэг бүрчлэн үзээд эмийн болон хоолны хурц хордлого байхгүй, эмийн гаж нөлөө илэрсэн тул Хордлогын үндэсний төвд шилжүүлэх шаардлагагүй гэж үзэн харъяа дүүргийн эмнэлэгт шилжүүлж, эмчилгээ хийж эхэлжээ.

НМХГ-ын байцаагчид “Алтан элс” эмнэлгийн үйл ажиллагааг түр зогсоох шийдвэр гаргасан бол нарийн мэргэжлийн эмч нар өвчтөнүүдийн биеийн байдлыг үзэж харъяа дүүргийн Нэгдсэн эмнэлэгт хүргэх шийдвэр гаргасан байна. мөн онцгой байдлын ажилтнууд өвчтөнүүдийн эмнэлэгт хүргэж зөөх арга хэмжээг авч ажилласан байна. харин цагдаагийн байгууллага холбогдох баримт, эм тариаг цуглуулан битүүмжилсэн байна. 

Ямартай ч урьдчилсан байдлаар эмч нар эмтэй холбоотой бага зэргийн урвал илэрчээ гэсэн дүгнэлт гаргасан байна. Хэргийн шалтгааныг тодруулахаар  НМХГ-аас хэрэглэсэн эм тариа болон хоолноос дээж авч шинжилгээнд өгсөн байна. Шинжилгээний хариу хоёр долоо хоногийн дараа гарах гэнэ.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж