Ван Юэйг дайрсан жолооч хэргээ хүлээжээ

Хуучирсан мэдээ: 2012.09.07-нд нийтлэгдсэн

Ван Юэйг дайрсан жолооч хэргээ хүлээжээ

Хятадад өнгөрсөн жил машинд дайруулсан хоёр настай жаахан охиныг зам дээр хэвтэж байхад хажуугаар өнгөрсөн 18 хүний хэн нь ч туслаагүйгээс амиа алдсан хэрэг гарсан билээ. Охинд орон гэргүй эмгэн эмнэлгийн тусламж дуудсанаар эмнэлэгт хүргэсэн ч ухаан орохгүй байсаар хоёр өдрийн дараа нас барсан. Хятадын өмнөд хэсгийн Фушань хотын гудамжны камерт бичигдэж үлдсэн энэ аймшигтай хэрэг дэлхий нийтийг цочирдуулсан юм.

Камерын бичлэгээс охиныг дайрсан машины жолоочийг тогтоож, баривчилсан бөгөөд Хятадын хууль сахиулагчид түүнд гурван жил, зургаан сар шоронд хорих ял оноосон талаар тус улсын мэдээллийн агентлаг мэдээлсэн байна.

“Синьхуа” агентлагийн мэдээлснээр Ван Юэй охиныг дайрсан жолоочид хүний амь санамсаргүйгээр бүрэлгэсэн хэргээр ял оноосон байна. Гэмт этгээд шүүхэд мэдүүлэхдээ ямар нэг юм дайрчих шиг болсноо мэдсэн ч машинаасаа бууж шалгаагүй гэж ярьсан гэнэ.

Тэрбээр цагдаагийн газарт өөрөө очиж, хэргээ хүлээн, охины оршуулгын зардлыг төлсөн тул шүүх түүнд хөнгөн ял үзүүлсэн байна. Машинд дайруулан, зам дээр амьтай голтой хэвтэж байсан нялх хүүхдийг хажуугаар өнгөрсөн томчууд юман чинээ тоогоогүй өнгөрсөн энэ хэрэг Хятадад төдийгүй дэлхий нийтээр олон хүнийг эмзэглүүлсэн билээ. Харин охиныг хамгийн анзаарч, тусламж дуудсан хог түүдэг эмгэн Хятадад жинхэнэ эх хүний үлгэр жишээ болсон юм.

Хятадуудын хүний мөсгүй энэ үйлдлийг “BBC”-ийн сэтгүүлч Жонн Судворт Хятадад зам тээврийн ослын хохирогч аварсан хүнийг эргээд шүүхэд өгдөг гаж тогтолцоотой холбон тайлбарласан бол зарим ажиглагчид Хятадын эдийн засгийн хурдацтай хөгжил, хотжилт хүний ёс суртахуун, мөс чанарыг үгүй хийж байна гэж үзэж байсан юм.

Н.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж