Монгол улсын хэмжээнд стандартад нийцсэн гүйлтийн зам байдаггүй. Тиймээс манай хөнгөн атлетикийн тамирчид зориулалтын бус хатуу хучилттай зам дээр дасгал сургуулилтаа хийдэг учраас эрүүл мэндэд ч цаашид амжилтанд ч тодорхой хэмжээгээр нөлөөлдөг байна. Монгол улсын хөнгөн атлетикийн холбооны хүсэлтээр Дэлхийн хөнгөн атлетикийн холбоо 300 мянган америк долларын санхүүжилт гаргаж, 400 м зориулалтын гүйлтийн зам тавихаар хэлэлцэж эхэлжээ. Өнөөдөр дэлхийн хөнгөн атлетикийн холбооны төлөөлөгч, зам тавих ажлыг гүйцэтгэх Тайванийн спортын барилга байгууламжийн “Тайда спортс консалтинг” компанийн төлөөлөгчид Дархан хотод ажиллаж, зам байгуулах газар, талбайтай танилцаж, судалгаа хийсэн аж. Хэрвээ энэ зам баригдвал тив болон дэлхийн аваргын тэмцээнээс бусад бүх тэмцээнийг зохион байгуулах боломж бүрдэх аж.
М.Дэлгэржаргал / Дархан /