“Челси” хос цомын эзэн боллоо

Хуучирсан мэдээ: 2010.05.16-нд нийтлэгдсэн

“Челси” хос цомын эзэн боллоо

FA Cup буюу Английн хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээний аваргын төлөөх тоглолт бямба гаригийн үдэш “Уэмбли” цэнгэлдэхэд Премьер лигийн аварга “Челси” болон лигийн хамгийн сүүлийн байрт бичигдэж, доод лиг рүү унах болсон “Портсмут” нарын хооронд ширүүн өрнөж, 1:0 харьцаатай “Цэнхрүүд”-ийн ялалтаар өндөрлөснөөр тэд түүхэндээ анх удаагаа хос цомын эзэд боллоо.

Дэндүү замбараагүй гэж болох өнгөрсөн шөнийн тоглолтын хоёрдугаар хагаст хоёр ч торгуулийн цохилт байгаа оноогүй бөгөөд өрсөлдөгч багуудын хэн хэнд нь гоолын боломж нэг бус удаа тохиосон ч бөмбөг хаалганд орох дургүй байв. Гэхдээ “Алтан шаахай”-ны эзэн Дидье Дрогбагийн холын зайнаас гүйцэтгэсэн супер чөлөөт цохилт тооны харьцааг нээж, “Цэнхрүүд”-д ялалт авчирсан юм.
Хувь заяаны тохиолоор FA Cup-ын өнгөрсөн хоёр жилийн аварга /Портсмут 2008, Челси 2009/ энэ улиралд аваргын төлөө цом булаалдсан.

Тоглолтын дараа “Челси”-гийн ахлагч Жон Терри хос цомын эзэн болсон багтаа хүндэтгэл үзүүлж, “Үнэхээр итгэмээргүй, гайхалтай мэдрэмж. Ийм бүрэлдэхүүнтэйгээр хос цомын эзэн болсондоо үнэхээр баяртай байна. Эхлээд олон цохилт алдаж, боломжоо ашиглаж чадахгүй байх үед бидний аз харьж дээ л гэж бодож байлаа. Гэтэл Дрогбагийн тэр гайхамшигт цохилтын дараа бид ялагч болно гэдэгтээ итгэсэн. Талбай үнэхээр аймшигтай байлаа. Энэ улиралд бид анх удаагаа тийм муухай талбайд тоглолоо. Гэхдээ бид бөмбөгөө өшиглөж, ялалтын төлөө тэмцсэн” гэжээ.

Харин “Цэнхрүүд”-ийн дасгалжуулагч Карло Анчелотти клубын түүхэнд шинэ хуудас нэмж, клубын удирдлагыг гартаа авсан анхны жилдээ “дубль” хийж, агуу амжилтын эзэн боллоо.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж