-Ардчилсан намын хувьд хүүхэд бүрт аравдугаар сарын 1-нээс эхлэн 20 мянган төгрөг олгохоор болж, шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг төсвийн тодотголд суулгахаар болж байна. Хүүхдийн мөнгийг санаачилсан автор нь Ардчилсан нам болохоор сэргээгээд байна уу, эсвэл үнэхээр өгөх шаардлага бий учраас уу?
-Иргэдтэй уулзахад “Хүүхдийн мөнгийг олгох хэрэгтэй байна” гэж санал их тавьдаг, бид мөн хэд, хэдэн судалгаа хийлгүүлж үзсэн. Хамгийн сүүлд хүүхдийн мөнгийг олгох нь зөв үү, эсвэл буруу юу гэж судалгаа явуулахад хөдөөгийнхний 92.8 хувь, нийслэлчүүдийн 81.7 хувь нь “Хүүхдийн мөнгө олгох нь зөв юм аа” гэж хариулсан байсан. Харин хүүхдийн мөнгө олгох нь огт буруу гэж ердөө таван хувь нь хариулсан. Хөдөө, хотын дунджийг аваад үзэхээр санал асуулгад оролцогчдын 87 хувь нь “Хүүхдийн мөнгийг олгох нь зөв” гэж үзсэн байгаа юм. Тийм учраас бид судалгаанд үндэслэсэн. Нөгөөтэйгүүр, ЮНИСЕФ олон улсын байгууллагын судалгаагаар Монгол Улсад халамжийн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт олон болсон ч хүүхдийн ядуурал буурахгүй байгаа нь нотлогдсон. Сүүлийн 10 жилд хүүхдийн ядуурал 46 хувиас буухгүй байна гэж ЮНИСЕФ-ийн суурин төлөөлөгч ярьж байсан. Тийм болохоор Хүүхдийн мөнгийг сэргээх шаардлагатай гэж бид үзсэн юм.
-Хүүхдийн мөнгийг олгохдоо хавтгайруулж хэрэггүй, амьдралын боломжтой айлуудын хүүхдүүдийг 21 мянгаас хасах хэрэгтэй гэх юм?
-Интернэт ашиглан би хүүхдийн мөнгө олгох асуудлаар санал асуулга нэлээд явуулсан. Тэр үед хүмүүс “Амьдралын боломжтой айлын хүүхдэд мөнгө өгөх оновчтой биш. Харин тэдэнд олгох мөнгийг цэцэрлэг, сургууль барих хөрөнгө оруулалтанд зарцуулсан нь дээр ” гэсэн саналыг 50 орчим хувь нь өгч байхад бүх хүүхдэд өгөх нь зүйтэй гэх байр суурьтай хүмүүс бас нэлээдгүй байсан . Тэгэхээр бид тодорхой саналуудыг дэвшүүлье гэж үзсэн. Нэгдүгээрт, мөнгө авах эрх нь хүүхэд бүрт нээлттэй байя, эцэг, эх нь өргөдөл бичиж өгөөд, түүнд үндэслэж мөнгө олгоё гэж…
-Өргөдөл бичих ямар хэрэг байдаг юм, харьяа хороондоо эцэг, эхчүүд асуудлаа тавиад хүүхэддээ мөнгө авч болдоггүй юм уу?
-Амьдралын түвшинг үнэн зөв тогтоох нь түвэгтэй асуудал. Мөн хүүхдэд төрөөс олгож байгаа боломжийг ялгаатай тогтоох нь оновчтой зохицуулалт биш юм. Харин тэдэнд сонголт хийх эрхийг олгох хэрэгтэй . Тийм учраас мөнгө авах эрх нь бүх хүүхдэд нээлттэй байя, олгохдоо мөнгө олгохыг хүссэн өргөдлөөр өгье. Хүүхдэд маань хүүхдийн мөнгө зайлшгүй хэрэгтэй байна гэсэн айл нь өргөдлөө бичээд өгөг. Зарим өрхийн эцэг, эхчүүд “Хүүхдийн мөнгө авахгүй, цэцэрлэг, сургууль барихад зарцуулахад татгалзахгүй” гэвэл Хүүхдийн зорилтот сан үүсгэж болно. Санд төвлөрсөн хөрөнгийг зөвхөн сургууль, цэцэрлэг барихад зарцуулдаг байхаар зохицуулж болно. Ингэхийн тулд эцэг, эхчүүд 1-2 сарын хугацаанд амжиж өргөдөл өгөхгүй бол автоматаар хүүхдийн мөнгөө Хүүхдийн зорилтот санд төвлөрүүлэхээр зөвшөөрчээ гэж үзээд шууд сан руу шилжүүлдэг байхаар зохицуулж болно. Ингэснээр санд нэлээд мөнгө хуримтлагдана гэж бодож байна. Өөрөөр хэлбэл, санд төвлөрсөн хөрөнгөөр хэд, хэдэн цэцэрлэг барих боломжтой болно гэсэн үг л дээ.
-Хүүхэд бүрт сар тутамд 20 мянган төгрөг олгоход хэдий хэмжээний хөрөнгө шаардах вэ. Нийт хэчнээн хүүхэд авах тооцоо байна?
-Улсын хэмжээнд 0-18 насны 978 мянга орчим хүүхэд байгаа, сар тутамд 20 мянган төгрөг олгоход жилд 260-аад тэрбум төгрөг шаардана. Жишээлбэл, 260-аад тэрбум төгрөгийг 50 хувь нь авахгүй байлаа гэхэд 130-аад тэрбум төгрөг нь цэцэрлэг, сургууль барихад зарцуулагдах бололцоотой болно. Нэг цэцэрлэгийг 500-600 сая төгрөгт багтаан барьж байгаа, 100 ортойг. Үүнийгээ хуваахад нэлээд хэдэн цэцэрлэг барих боломжтой байгаа биз. Тийм болохоор эх орныхоо төлөө, хүүхдүүдийн хойч ирээдүйн төлөө өөрийн хүүхдийнхээ авах мөнгийг хандивласан эцэг, эхчүүдийн нэрийг олон нийтэд бас мэдээлж, санаачлагыг нь дэмжих ёстой болов уу гэж бодож байгаа.
-УИХ ын чуулганы нэгдсэн хуралдаанаар төсвийн тодотголыг хэлэлцэх шатанд МАН-ын гишүүд “Зөвхөн хүүхдэд 20 мянган төгрөг олгоё гэж явцуурхах биш, Хүний хөгжлийн сангаас олгож ирсэн 21 мянган төгрөгийг иргэн бүртээ хүртээе, боломж байгаа” гэсэн байр суурийг илэрхийлсэн. Тийм бололцоо байгаа юу?
-Монгол Улсын төсөв өнөөдөр маш хүнд байна, ийм үед хүн бүрт 21 мянган төгрөг сар тутамд тараах бололцоо алга.
-Гэхдээ Ардын нам Засаг барьж байх үед хүн бүртээ мөнгө өгч болж байсан, Ардчилсан намын үед болдоггүй юм байна гэх юм?
-Өнгөрсөн хугацаанд өмнөх Засгийн газар иргэдэд маш их бэлэн мөнгө амлаж, хавтгайрсан халамжийн бодлого хэрэгжүүлсэн нь төсөв хүндрэхэд нэлээд ачаа болсон. Дээр нь төсвийн орлого энэ оны долдугаар сарын байдлаар 1.2 их наяд төгрөгөөр тасарсан байна, энэ бол 120 сая биш шүү дээ. Төсвийн орлого 1.2 их наяд төгрөгөөр тасарсан гэдэг нь улсын данс улайчихсан гэсэн үг. Ийм үед энэ онд бүх хүнд 21 мянган төгрөг олгох үнэхээр боломжгүй, хамгийн гол нь ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгохоор амласан 1 сая төгрөгийн үлдэгдэл 340 мянган төгрөгийг энэ онд багтаан олгохын тулд төсвийн тодотголд хөрөнгийг суулгахаар оруулж ирсэн, үүнийг дэмжихээс аргагүй. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ бид нэн тэргүүнд харж үзэх ёстой. Мөн Засгийн газрын хувьд иргэн бүрт мөнгө олгож чадахгүй учраас ядаж 0-18 насны хүүхэддээ сар тутамд 20 мянган төгрөг олгоод явъя л гэж байгаа юм
-Хүүхэд бүрт сар тутамд 20 мянган төгрөг олгохын тулд эх үүсвэрийг яаж бүрдүүлэх вэ?
-Монгол Улсын 2012 оны төсөвт тодотгол хийх хүрээнд төсвийн орлогыг нэмэгдүүлэх хэд, хэдэн арга замыг эрэлхийлж байна. Тухайлбал, Төсвийн орлогын боломжит эх үүсвэрийг бүрэн дайчилна, татварын зарим хуульд өөрчлөлт оруулах замаар төсвийн орлогыг нэмэгдүүлнэ. Гадаад томилолт, арга хэмжээний зардлыг бууруулах, энэ онд шинээр эхлэхээр төлөвлөгдсөн ажлаас гэрээ нь байуулагдаагүй тендер нь зарлагдаагүй, ажил нь эхлээгүй барилга байгууламжид төсөвлөгдсөн хөрөнгийг ирэх 2013 оны төсөвт тусгахаар шилжүүлэх зэргээр олон гарц хайж байна. Дээр нь Онцгой албан татварыг зарим бараан дээр нэмэгдүүлье. Тухайлбал,тамхи, янжуурт ногдуулая гэж төсвийн тухай хуулийн төсөлд тусгасан байгаа. Монгол Улсын хувьд тамхинд ногдуулах татварын хэмжээ дэлхийн улс орнуудтай харьцуулахад бага юм билээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тамхины дундаж үнэд ногдох татварын хэмжээ 70 хувь дотор байх нь худалдан авах чадварт зүй зохистой нөлөөлдөг гэж үздэг. Гэтэл манайд тамхины Онцгой албан татвар ердөө 18 хувь, тийм учраас нэмэгдүүлье, гэж үзсэн. Тухайлбал, тамхинд ногдуулах ОАТ-ыг хоёр дахин нэмэгдүүлэхээр өмнө авч байсан татвар дээр нэмэгдэж 18.9 тэрбум төгрөг орж ирэх, Дизель түлшний ОАТ-ыг хоёр дахин нэмэгдүүлэхээр 29.6 тэрбум төгрөг нэмэгдэх тооцоо бий. Гэхдээ Дизель түлшний ОАТ-ыг Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэнэ. Засгийн газрын хувьд нефтийн бүтээгдэхүүний ОАТ ыг хөдөлгөх эрх нээлттэй байдаг, заавал УИХ-д асуудлыг оруулж ирэхгүйгээр шийдвэрлэх боломжтой гэсэн үг л дээ.
-УИХ дахь эмэгтэй гишүүд цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг нэмэгдүүлэх санал гаргаад байгаа. Одоо мөрдөж байгаа хуулийн хүрээнд нэг хүүхдэд хэдэн төгрөгөөр тооцож хоолны мөнгө төсөвлөгдөөд байна вэ, түүнийг нь хэд хүртэл нэмэгдүүлнэ гэж үзэв?
-Цэцэрлэгийн нэг хүүхдийн хоолны зардалд төсвөөс 1100 төгрөг гаргадаг, энэ нь өөрөө 2008 онд батлагдсан жишиг үнэ л дээ. Тэр үед нэг кг махны үнэ 3000 төгрөг байсан бол одоо энэ ханш бараг гурав дахин өсч 8000 төгрөг давж байна. Тийм учраас ийм мөнгөөр хүүхдийг өдөрт гурван удаа хооллоход хүндрэлтэй байгаа. Эцэг, эхчүүд, цэцэрлэгийн багш нар энэ тухай бүгд ярьдаг. Төрөөс өгч байгаа хоолных нь мөнгө бага учраас хүүхэд хоол хүнсээрээ дамжуулж авах ёстой илчлэг, калорио авч чадахгүй байна. Тийм учраас бид нэг хүүхдэд оногдох хоолны мөнгийг 2100 төгрөг болгох санал тавиад, төсөвт суулгуулахаар хөөцөлдөж байна. Зөрүү мөнгө нь 12 тэрбум төгрөг болно, Энэ нь 2012 оны есдүгээр сараас хоолны мөнгийг нэмэгдүүлэхэд 2012 оны төсвийн тодотголд тэр хэмжээний хөрөнгө шаардаж байгаа хэрэг л дээ. Төсөв хэцүү үед боломжгүй байна гэсэн Сангийн яамны мэдэгдэлд НББСШУ-ны хорооны гишүүдийн олонхи нь архины онцгой албан татварыг нэмэгдүүлэх замаар нэмэлт эх үүсвэр гаргая гэсэн санал гаргасан. Гэхдээ энэ татвар нэмэгдсэнээр хуурамч архи үйлдвэрлэх явдал гарч болзошгүй тул холбогдох дүрэм, журмыг хамт гаргах болно.
-Би буруу дуулчихав уу яав, эцэг, эхчүүд цэцэрлэгийн хүүхдийнхээ хоолны мөнгийг даадаг болох нь гэдэг зүйл дуулдсан, тийм санал бас яваад байна уу, үгүй юу?
-Зарим эцэг, эх санал их тавьдаг, цэцэрлэгийн хүүхдийнхээ хоолны мөнгөний тодорхой хувийг гаргахад болохгүй гэх зүйлгүй шүү дээ, чанартай хоол хүнс хүүхэд маань хэрэглэж чадахгүй байна гэж… Үүнийгээ цэцэрлэгийн эрхлэгч, багш нарт их тавьдаг юм байна, харамсалтай нь тэр бүр дээд төвшинд хүрдэггүй, доогуураа замхардаг. Зарим тохиолдолд “Хүүхдэд чинь улсаас үнэгүй хоол өгч байхад юу яриад яваад юм” гэх нь ч бий, нөгөө хэсэг нь “Ямар мөнгө төлдөг биш дээ, юу өгөх нь ямар хамаа байна” гээд хоолны чанарт төдийлөн ач холбогдол өгдөггүй байх жишээтэй. Гэтэл цэцэрлэгийн багачууд маань чанар муутай хоол хүнс хэрэглэхээр хоолны хордлогод орох, цаашлаад шар өвчний халдвараар өвчлөх гээд эрсдлүүдтэй тулдаг. Тийм болохоор хоолны зардлын хэдэн хувийг нь төр даадаг, бас нэг тодорхой хэсгийг нь эцэг, эхчүүд даадаг байж болох юм гэсэн санал бас явж байгаа. Ирэх аравдугаар сарын нэгнээс хүүхэд бүрт мөнгө олгоод эхлэхээр тодорхой хувийг 20-30 хувь ч юм уу эцэг, эх даана гэвэл болмоор л санагддаг.
-Жил ирэх тусам төсвийн байгууллагын хөрөнгө оруулалтыг нэмдэг ч эргээд үйлчилгээний чанар сайжирч байна уу гээд харахаар нооль заадаг. Харин төсөв ерөнхийлөн захирагч нарын хувьд өнөөх төсөвт нэмж суулгасан мөнгөнөөс хувьдаа завших зэргээр сөрөг үр дагавар нэлээд гардаг. Тод жишээ бол эрүүл мэндийн салбар, хуурамч өвчний түүх бичээд л даатгалын мөнгө идсэн гэмт хэрэг гарч байсан шүү дээ. Тэгэхээр Хүүхдийн хоолны зардлыг төсөвт нэмж тусгалаа гэхээр хяналт яаж тавих вэ?
-Төрийн албыг ард иргэдэд үйлчлэх ёстой алба гэж ойлгохгүй, өөрсдийгөө дарга гээд ойлгосон хүмүүс ажиллаж байна. Иргэд ч бас тэднийгээ гээд олон жил гуйж царайчилж ирсэн. Иймээс төрийн албыг нийтийн алба болгох хуулийн төсөл бэлтгэгдэж байна.
– Гол хяналтыг хэрэглэгчид өөрсдөө тавьдаг механизмыг бүрдүүлэх ёстой. Бүх юм үнэгүй байхаар төрийн албан хаагчид ашигладаг, мөнгө төлдөггүй учраас эцэг, эхчүүд хоолны чанар, мөнгө зарцуулалтад өөрсдөө хяналт тавьдаггүй, түүнийгээ дагаад сөрөг үр дагавар бий болдог учраас бид үүнийг өөрчлөх хэрэгтэй. Мэргэжлийн хяналт бусад ямар газрууд байна, бүгд. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хувьд манайд эрүүл мэндийн даатгалын тогтолцоо төгс биш байгаа. Эмнэлгүүдэд урьдчилаад 70 хувийг өгчихөөр эмнэлэг нь сайн ч үйлчилгээ үзүүлсэн авдагаа авна, муу ч үзүүлсэн өнөөхөө л авна. Зах зээлийн өрсөлдөөнийг бий болгож чадаагүйгээс ийм гажуудал үүсчихсэн хэрэг л дээ. Тийм болохоор даатгалаа төлсөн үйлчлүүлэгч, өөрөө эмнэлгээ сонгоод үйлчлүүлдэг байх тэр тогтолцоог бий болгохын төлөө эрх зүйн орчинг нь бүрдүүлэх ёстой, Удахгүй УИХ –ын гишүүн С.Эрдэнийн санаачилсан Иргэний эрүүл мэндийн даатгалын хууль батлагдвал Эрүүл мэндийн салбарт хамгийн том шинэчлэл болно.