Есдүгээр сарын 4-нөөс эхэлсэн Ардчилсан намын их хурлаас Барак Обамаг дахин ерөнхийлөгчид нэр дэвшүүллээ. Гэхдээ Обамаг АНУ-ын төрийн тэргүүнээр дахин сонгогдоно гэсэн итгэл муухан байгаа. Өнгөрсөн дөрвөн жилд тэрбээр сонгогчдодоо төдийлөн таалагдахаа больсон.
Дөрвөн жилийн өмнө буюу 2008 онд Барак Обамагийн сонгуулийн кампани олон сая америкчуудын цөсийг хөөргөж, тэдний саналыг хамсан юм. Сурталчилгааны үеэр түүний дэвшүүлсэн “Yes, we can” (“Тийм ээ, бид чадна”) уриа өөрчлөлт, шинэчлэлтийн найдлагыг төрүүлэн олон хүний зүрх сэтгэлд хүрч чадсан билээ. Тэр нь ч Иллинойсийн сенаторын найдлага төрүүлсэн гол амлалт нь байлаа.
“Вашингтоны засаглалын хуваарилалтыг судлах цаг надад бага байлаа. Гэхдээ би Вашингтон өөрчлөгдөх ёстой гэх ойлголт авахаар хангалтай хугацаанд тэнд байсан” хэмээн дөрвөн жилийн өмнө Обама сонгогчдод ярьж байв. Цаг хугацаа өнгөрч, түүний тэрхүү өөдрөг бодол ч өөрчлөгдсөн бололтой “Бидэнд их зүйл бүтээх хэрэгтэй байна” гэж хүлээн зөвшөөрсөн. Одоо тэрээр дахин сонгогдохын тулд мужаас мужид ядрахыг үл мэдэн очиж байна.
Айова. Дөрвөн жилийн өмнө Обама тэнд бүхний гайхлыг төрүүлэн Ардчилсан намын ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн дундаас ялалт байгуулж байлаа. Бүгд найрамдах намын Жон Маккейнтай өрсөлдсөн ерөнхийлөгчийн сонгуулиар энд хамгийн олон саналыг тэр авсан юм. Одоо Айова дахин улс төрийн тэмцлийн салбар болж байна. Олон нийтийн санал асуулгаар өнөөгийн ерөнхийлөгч ба түүний гол өрсөлдөгч Митт Ромни хоёр тэнцүүхэн чансаатай байна.
Айова мужийн Маршаллтаун гэх жижиг хотын сургуульд сонгогчидтой уулзахдаа Обама “2008 онд би өөрийгөө төгс хүн биш гэж хэлж байсан. Миний эхнэр Мишелиэс асуусан ч болно. Жишиг болох ерөнхийлөгч болж чадахгүйгээ ч хэлж нууж хаалгүй хэлсэн” хэмээн тэрбээр даруухан ярив.
Сонгогчдын дэмжлэгийн авахын тулд “Урьдын адил олон сургууль байгуулж, цөөнгүй цэргийг гэрт нь буцааж, илүү их зам барих хэрэгтэй байна” гэж Обама ярьж байна. Обамагийн биелүүлэх зорилгын жагсаалтаас харахад хамгийн чухал зорилго нь тус орныг эдийн засгийн хямралаар гаргах явдал болж байна.
Одоо АНУ-ын ажилгүйдлийн төвшин найман хувиас давсан нь тэдний стандартаар нэлээдгүй том сөрөг үзүүлэлт юм. Эдийн засгийг сэргээх үйл ажиллагаа удааширч байна. Улсаас олон тэрбумыг эдийн засгаа аврахаар санхүүжилт хийсэн ч үр дүн муутайхан байна. Ерөнхийлөгчийн зарим хуулийн санаачлага тухайлбал, цагаачлалын асуудлаарх шинэчлэл нь замдаа гацсан бөгөөд санхүүгийн салбарын өөрчлөлт ч бусдынхаа адил байна.
Обамагийн засаг захиргааны гол хүчин чадлаа дайчилан зүтгэсэн эрүүл мэндийн салбарын шинэчлэл 2010 оны гуравдугаар сард хүчин төгөлдөр болон батлагдсан юм. 2010 оныарваннэгдүгээр сарын сонгуулиар эрх баригчид Төлөөлөгчдийн танхимын олонхыг алдсан учир АНУын хууль тогтоох үйл ажиллагаа хүндрэлтэй болж Конгресс ба ерөнхийлөгчийн хоорондын сөргөлдөөн нэмэгдэн тус орныг 2011 оны зун төлбөрийн чадваргүй болгох шахлаа.
Нийгмийн асуулгууд ерөнхийлөгчийн чансааны үзүүлэлтийг буулгаж эхлэв. Гэллапын хүрээлэнгийн мэдээгээр Обама ерөнхийлөгч болсон даруйд түүнийг америкчуудын 68 хувь нь дэмжиж байсан бол одоо 45 хувь болтлоо буурчээ. Харьцуулбал, Билл Клинтон эхний бүрэн эрхийн хугацааныхаа сүүлд 52 хувийн дэмжлэгтэй байлаа. Бага Жорж Бушийнх 49 хувьтай байсан юм.
Гэсэн хэдий ч эрүүлийг хамгаалахын шинэчлэл ба автын үйлдвэрлэлийг аврахын зэрэгцээ Обамад бас өөр амжилтууд бий. Амласан ёсоороо тэр Иракаас цэргээ татсан юм.
Обамагийн захиргааны үеийн том дуулиантай үйлдэл нь дэлхийн нэртэй террорист Осама бин Ладенийг устгасан ажиллагаа болов. “Хориод жилийн дотор Осама бин Ладен анх удаагаа АНУ-д аюул болохооргүй боллоо” гэж тэр Конгресст явуулсан тайландаа өгүүлсэн байв.
Үүний дараахан явуулсан олон нийтийн санал асуулгыг харахад Обамагийн рейтинг нэлээд дээшилсэн байна. Гэллапын төвийн 2012 оны зургадугаар сарын асуулгаар америкчуудын 81 хувь Обама тэдэнд таалагдаж байна гэжээ. Түүний өрсөлдөгч Митт Ромни 64 хувийн үнэлгээ авчээ. Харин хамгийн сүүлчийн санал асуулга тэдний чансаа тэнцсэнийг харуулж байна.
Иллинойсийн сенатор асан бөгөөд Харвардын их сургуулийг төгсөгч өөрийн үзүүлэлтийн давуутайг ашиглахаар найдаж байгаа. Хойд Каролина мужийн Шарлотт хотод болж буй Ардчилсан намын хурал түүнийг дахин ерөнхийлөгчид дэвшүүлээд байна.
Гэхдээ дөрвөн жилийн өмнө Денвер хотод ерөнхийлөгчид нэр дэвшүүлж байсан үеийнх шиг олны дэмжлэг, алга ташилт түүнийг хүрээлэхээ больсон байгаа. Өнөөгийн сонгуулийн уриа нь ч амбицийг илэрхийлээгүй. “Найдвар ба өөрчлөлт” даруухан “Урагшаа” гэсэн үгээр солигдсон байна.