Дэлхийд нөөцөөрөө тэргүүлж буй Монголын томоохон орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах төслүүд эхэлсэн ч эхнээсээ саадтай тулгарсан. Монголын Засгийн газар өнгөрсөн тавдугаар сард Таван толгойн том ордыг эдийн засгийн эргэлтэд оруулан, эзэмшлийн 29 хувийг Лондон, Хонконгийн Хөрөнгийн биржид гаргаж, гурван тэрбум ам.долларын өртгөөр анхдагч хувьцааг гаргах гэсэн боловч УИХ Үнэт цаасны тухай хууль батлахаас нааш чадахгүйд хүрсэн билээ” хэмээн бичжээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Монголд нүүрсний хэд хэдэн төсөл хэрэгжүүлж буй Саутгоби ресорс компани хувьцааны 58 хувийг Хятадын төрийн өмчит компанид худалдахаар гэрээ байгуулснаас нүүрсний салбарын худалдан авагч өөрөө нүүрсний ордтой болох боломж бүрдсэн нь хууль тогтоогчдыг Стратегийн чухал ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг яаран батлахад хүргэсэн юм. Өнгөрсөн тавдугаар сарын дундуур баталсан уг хуулийг стратегийн ач холбогдолтой, ялангуяа уул уурхайн салбар дахь гадаадын хөрөнгө оруулагчдын эзэмшлийг хязгаарласан гэж хөрөнгө оруулагчид маргаан дэгдээсэн боловч хууль нь анх өргөн барьсан төслөөс арай зөөлөн болсон нь хөрөнгө оруулагчдыг тайвшруулсан гэдэг. Хуулинд зааснаар уул уурхай, банк санхүү, хэвлэл мэдээлэл, харилцаа холбооны салбарын аж ахуйн нэгж дэх гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ 49 хувиас их бол Засгийн газарт мэдэгдэх бөгөөд энэ нь зөвхөн “Чалько” шиг гадаадын төрийн өмчит компани эсвэл 75 сая ам.доллараас их хөрөнгө оруулалтад хамаатай билээ.
Монголд хөрөнгө оруулагчид одоо Монголын Засгийн газрын алхам бүрийг анхааралтай ажиглаж, УИХ дахь үндсэрхэг үзэлт хууль тогтоогчид Оюутолгой шиг ашиггүй гэрээг эргэн харна гэж зөрүүдлэх эрсдэлийг тооцож суугаа бөгөөд Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хөрөнгө оруулагчдад ашигтай, Монголын ард түмнийг ч гомдоохооргүй батлахыг хүлээж байгаа. Хөрөнгө оруулагчдын эмээж буй өөр нэг эрсдэл нь дэлхийн түүхий эдийн хамгийн том хэрэглэгч Хятадын эдийн засгийн доройтол юм. Монголоос олборлосон түүхий эдийг Хятадын асар том зах зээлд гаргахаар төлөвлөж буй хөрөнгө оруулагчид нүүрс, зэсийн ангасан эрэлт түр зуурынх байх вий гэхээс эмээж байгаа юм.
Дэлхийн банкнаас явуулсан судалгаагаар Монголын эдийн засгийн өсөлт энэ оны эхний улиралд 16.7 хувьд хүрч, дэлхийн хоёр дахь том эдийн засагтай Хятадын өсөлтийг хоёр дахин нугалж, Азийн хамгийн хурдацтай эдийн засгийн өсөлттэй орон гэгдэх болсон юм. Гэвч хүн амын 40 хувь нь ядуу хэвээр буй Монголын эдийн засгийн дээрх үзүүлэлтийг хоосон тоо гэх хүн олон байна.