Уг нь энэ хоёрын асуудлаас илүү улсын ажил чухал баймаар. Ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэл ажил гээд ирэх өвлийг хэрхэн давах вэ гэдэг улс төрийнхний санаа зовних асуудал байтал У.Хүрэлсүх, Г.Баярсайханы зодооныг дөвийлгөөд л. Ухаан нь уландаа уначихсан тэднийг од болгон мандуулаад л. Танай намын гишүүн манай намын гишүүн рүү салаавч гаргасан, дургүй нь хүрээд цохиод унагасан гээд л хэвлэл мэдээллийнхний зай талбайг төлбөртэй, төлбөргүй материалаар дүүргэж буй. Нам, гишүүдийн нанчилдаантай манатай л үүнээс илүү олон асуудал энэ улс оронд бий. Зам засвар нь одоо болтолдуусаагүй, ургац хураалт нь эхлээгүй, Ус цаг уурын хүрээлэнгээс гаргасан мэдээгээр удахгүй цас орно оо гээдл анхааруулаад байдаг. Махны үнэ магнаг болж, инфляци тэнгэрт гарч, эдийн засаг хүндэрчихээд байхад тэдний зодоон хэнд хэрэгтэй юм бэ.
Хэн нь ажлаасаа чөлөөлөгдөж, хэн нь шинэ ажил авах вэ гэдэг “асуултын хариу” Засгийн газрын бүрэлдэхүүнийг бүрэн томилсны дараа шийдэгдэх асуудал юм. Ёсзүйгүй авирласан гишүүдийн талаар хэвлэлээр хэрүүлийн алим шидэлцэж байхын оронд улс орны тулгамдаж буй энэ асуудлын хариуг өгөх нь зүйтэй л баймаар. Зодоон болсноос хойш хоёр намын удирдлагууд тэр ч буруутай, энэ ч буруутай гэж хэрүүл хийсээр байтал цаг хугацаа урсан өнгөрсөөр. Төрийн ордонд зодолдсон нь л жаахан муухай болохоос угтаа бол энэ зодоон эр хүмүүсийн хооронд байдаг л үзэгдэл шүү дээ. Дэлхий дахинд хүнсний хомсдол нүүрлэж, эдийн засаг эвгүйтэж магадгүй дүр зураг ажиглагдаад байхад хүмүүжилгүй, соёлгүй хоёр “бацаа”-ны зодоонтой манатай ажиллаж баймаар юм, манай гишүүд.
Гэтэл үгүй юм. Тэдэнд зав их, ярих зүйл мундахгүй байгаа бололтой.Улс орны хөгжлөөс илүү У. Хүрэлсүхийн зодоон л сонин байгаа юм шиг ээ.