-Гадаадын хөрөнгө оруулагчид хүлээлтийн байдалд орчихоод байна гэсэн яриа байна. Энэ үнэн үү?
-Үнэн. Өнгөрсөн тавдугаар сард УИХ-аар Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг баталсан. Энэ хуулийг дагаад журам гарах ёстой. Гэтэл өнөөг хүртэл журам нь гараагүй байна. Улс төрийн нөхцөл байдал, сонгууль, наадам, засаг төрөө байгуулах гээд уг хуулийн журам батлагдаж гарах хүртлээ удах бололтой. Гэтэл гадаадын хөрөнгө оруулагчид энэ хуулийг яаж хэрэгжүүлэх гэж байгаа юм бэ, шинээр орж ирж байгаа компаниудад хамааралтай юм уу эсвэл хуучин үйл ажиллагаа явуулж байсан компаниудыг бас хамааруулах юм уу гэсэн эргэлзээтэй байх шиг байна лээ. Уг нь журам нь гарчихвал хууль их тодорхой болох ёстой юм шүү дээ. Нөгөөтэйгүүр Н.Алтанхуягийн Засгийн газар уул уурхайн салбарт ямар бодлого баримтлах нь бас л ойлгомжгүй байгаа юм. Энэ бүхнийг хөрөнгө оруулагчид харзнаж байх шиг байна.
-Олон улсын уул уурхайн чуулганд оролцсон хөрөнгө оруулагчид шинэ Засгийн газар татварын бодлогоо өөрчлөх вий хэмээн эмээж байх шиг санагдсан ?
-Шинэ Засгийн газар ажилдаа анхаарлаа хандуулмаар байна. Уул уурхайн салбарт ямар бодлого хэрэгжүүлэх ньтодорхойгүй байгаа болохоор гадаадынхан нэлээд түгшүүртэй байх шиг байгаа юм. Сүүлийн үед татварын бодлогуудад өөрчлөлт оруулах, татвар нэмэх асуудал ч яригдаж байна. Хөрөнгө оруулагчдын хувьд хамгийн чухал юм улс төрийн тогтвортой байдал байдаг. Мөн төрийн бодлого нь ил тод , тогтвортой байх нь тэднийг ажлаа тайван хийх боломжийг бүрдүүлдэг. Нөгөөтэйгүүр татварын зохистой орчинг тэд шаарддаг. Нэг хүн сайд болонгуут татвараа өөрчилдөг нэмдэг байж болохгүй. Бас нэг зүйл нь төрийн хүнд суртал. Монголд хүнд суртал маш их байгаа нь үнэн. Харин татварын таатай орчинг бид бүрдүүлж чадсан. Үүний ачаар Монголд хөрөнгө оруулах сонирхол гадаадынханд нэмэгдсэн шүү дээ. Бид гурав дахь орны хөрөнгө оруулагчдыг аль болохоор түлхүү татах хэрэгтэй.
-УИХ-ын нэр бүхий гишүүд Оюутолгойн гэрээг өөрчлөх ёстой гэсэн шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлсэн. Хэрвээ Оюутолгойн гэрээ буцвал монголын эдийн засагт ямар нэгэн сөрөг нөлөөлөл үзүүлэх үү?
-Үзүүлнэ. Хөрөнгө оруулагчдад том цохилт болно. Оюутолгойн гэрээ бол олон хөрөнгө оруулагчийг Монголд татах нэг хөшүүрэг болсон шүү дээ. Хэрвээ Ерөнхий сайд шаардлагыг хүлээж авбал ажлын хэсэг байгуулаад энэ асуудлыг шийдэх байх. Ажлын хэсэг нь судалж байна, хэлэлцээр хийж байна гээд хугацаа авах байх л даа. Энэ хугацаанд хөрөнгө оруулагчид Монголоос үргэхгүй гэсэн баталгаа байхгүй. Монголын төр тогтворгүй юм байна. Монголд хөрөнгө оруулах эрсдэлтэй юм байна гэсэн ойлголт тэдэнд төрнө шүү дээ. Бид өмнө нь гадаадын хөрөнгө оруулагчдыг татах гэж яаж зовдог байлаа. Одоо харин өшиглөөд хөөгөөд гаргаж болохгүй. Хятадын эдийн засаг асуудалтай байна. Дэлхий нийтээр өрийн хямралд орчихоод байхад бид амандаа орж ирсэн шар тосыг хэлээрээ түлхэх нь буруу л юм даа.
-Ер нь хөрөнгө оруулагчид шинэ Засгийн газарт хэр итгэж байх шиг байна?
-Гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг олох нь шинэ Засгийн газрын бодлого шийдвэрээс шууд хамааралтай. Тиймээс шинэ Засгийн газар ямар бодлого баримтлах нь вэ гэдгийг хөрөнгө оруулагчид анхааралтай ажиглаж байгаа. Уул уурхайн салбар бол Монголын тэргүүлэх салбар болчихоод байна шүү дээ.