Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюундарь “Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн бүрдэж эхэлж байна. Ардчилсан нам одоо мөрийн хөтөлбөр дээр ажиллаж байна. Ирэх дөрвөн жил Ардчилсан нам ямар чиг үүргийн дагуу ажиллах вэ гэдэг шинэчлэлийн стратегийг боловсруулахаар ажлын хэсэг гарч судалгаа хийж байгаа. Мөн Ардчилсан намаас гаргаж байгаа шийдвэрүүд шинжлэх ухааны үндэслэлтэй байх ёстой учраас Бодлогын хүрээлэн буюу судалгаа, шинжилгээний бүтэцтэй байгууллагыг байгуулахаар болсон. Орон нутгийн сонгууль болох гэж байгаатай холбогдуулан бүх аймгийн намын дарга нарыг хүлээн авч, тодорхой үүрэг чиглэл өгч ажиллаж байна” гэлээ. Мөн Ардчилсан намын УИХ дахь бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Шинэ парламентын анхны 4:11 уулзалтыг зохион байгуулж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл бол олон нийтийн санаа бодлыг тусгаж байдаг. Тиймээс намын зүгээс гэхээсээ илүү хэвлэл мэдээллийнхэн асуулт тавьж, бид хариулдаг байя. Хойшид ч гэсэн ийм маягаар уулзалтаа зохион байгуулж байна” гэдгийг онцоллоо. Ингээд сэтгүүлчид сонирхсон асуултдаа хариулт авсан юм.
-Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэдэг. Монголын парламентийн гишүүд зодолдох, салаавч гаргах нь ердийн үзэгдэл боллоо. Төрийн байгууллагын удирдлагууд нь улсын хөрөнгийг хувьдаа завшдаг, их, дээд сургуульд суралцахын тулд авлига өгөх гээд хууль бус олон үйлдэлтэй Ардчилсан нам хэрхэн тэмцэх вэ. Ес зүйгүй авирласан гишүүдийг эргүүлэн татах асуудал яригдах уу?
-УИХ, Засгийн газар нь төрийн эрх барих дээд байгууллагынхаа хувьд хамгийн хариуцлагатай, нэр хүндтэй, хуулиа биелүүлдэг байх ёстой гэдэгтэй санал нэг байна. Гэхдээ эрх мэдлээр халхавчилсан, хариуцлагагүй өмнөхийн адил замаар явж байя гэсэн хүсэл эрмэлзэлтэй, асуудлыг тохиролцож шийдэх сонирхолтой улстөрийн хүчин байгааг үгүйсгэхгүй. Аливаа нэг зүйлийг эрх мэдлээр халхавчилж өөрсдийнхөө талд шийдүүлэхийг оролдож байгаа нь өөрөө ёс зүйгүй үйлдэл. Тиймээс ийм хууль бус зүйлийг засч залруулах нь Ардчилсан намын гэлтгүй улстөрчдийн хийх ажлын нэг юм. Хууль зөрчсөн нь илэрсэн, баримттай тохиолдлуудыг хууль хяналтын байгууллага нь шалгах ёстой. Ялангуяа төрийн мөнгийг эрх мэдлээрээ далимдуулан хууль зөрчиж, тараадаг, төрийн нэрийн дор танхайрдаг энэ бүх үйлдэл төрд байгаад байвал асуудад хүндэрнэ. Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын гишүүдийг татах тухай асуудлаар хуулийн төсөл санаачилсан, санал авахаар хүргүүлсэн байсан. Хэрвээ УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдвол УИХ-ын гишүүнээс нь эргүүлэн татаж байх ёстой. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн хууль зөрчсөн бол хуулийн хариуцлага хүлээх ёстой. Хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй байдаг. Одоо юу яригдаж байна вэ гэхээр салаавч үзүүлсэн нь туйлын буруу ёс зүйгүй гэх хэрнээ хүн зодсон гэмт хэргийг үгүйсгэх хаацайлах явдлыг Ардчилсан нам хэрхэвч хүлээн зөвшөөрч болохгүй. Салаавч үзүүлсэн байна уу, үзүүлээгүй байна уу, хэл амаар доромжилсон байна уу доромжлоогүй байна уу, тухайн УИХ-ын гишүүний ёс зүйтэй холбоотой асуудал. Хүн зодсон нь гэмт хэргийн шинжтэй зүйл, энэ үйлдлийг ёс зүйтэй хутгах нь гутамшиг. Хүссэн хүсээгүй ийм байдлаас салах болно. УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид иргэдийн саналыг татах зорилгоор мөнгө тараасан нь баримтаар нотлогдож байхад Увс аймгийн Тагнуулын газар нь хамгаалаад байна. Баримтаар нотлогдсон л бол хариуцлага хүлээж, УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэх ёстой.
-УИХ-ын эмэгтэй гишүүдийн зүгээс Төсвийн тодотголын хэлэлцүүлэг дээр сургууль, цэцэрлэгийн асуудлыг хөндөж байсан. Төсөв дээр сургууль, цэцэрлэгийн асуудалтай холбоотой хэр их хасалт хийж байгаа юм бэ?
-Эмэгтэй гишүүдийн зүгээс цэцэрлэгийн хоолны мөнгөн дээр илүү анхаарал хандуулсан. 2008 онд цэцэрлэгийн хоолны мөнгийг 1100 төгрөг гэж тогтоосон. Гэтэл түүнээс хойш хүнсний бүтээгдэхүүний үнэ хэр их нэмэгдсэн билээ. Гэтэл энэ мөнгө хэвээр байгаа нь хүүхдүүд чанаргүй хоол идэж байгааг харуулж байна. Энэ мөнгийг 2100 төгрөг болгоход 12,8 тэрбум төгрөг шаардлагатай байгаа. Харин Сангийн яамнаас тодотголоор 12,8 тэрбум төгрөгийн асуудлыг 2013 оны төсөвт суулгах хүсэлт гаргасан. Гэхдээ энэ мөнгийг 2012 оны Төсвийн тодотголд оруулахын тулд төсөвт бүрдүүлэлтийг яаж нэмэгдүүлэх талаар судалж байна. Тиймээс Архи, тамхины онцгой албан татварыг нэмэгдүүлэх талаар судалгаа хийж байгаа.
-Чуулганаар Нийгмийн даатгалын тухай хууль, Халамжийн тухай хуульд тус бүр өөрчлөлт оруулахаар хэлэлцэж байна. Танай нам эл байгууллагыг яагаад босоо удирдлагатай болгох нэрийн дор улстөржүүлэх гээд байна вэ?
-Бодит жишээ авъя, хорооны Засаг дарга, хорооны хэсгийн зохион байгуулагч нар баахан хүнийг өөрийнхөө нэр дээр бичээд халамжийн мөнгөнөөс “хусч” байсан зөрчил илэрсэн. Тийм учраас Халамжийн тухай хууль, Нийгмийн хамгаалийн тухай хуулийн хүрээнд босоо удирдлагатай байж, төрийн нэгдсэн бодлогоор халамжийн бодлогыг явуулахгүй бол орон нутагт нь эрх мэдэл өгөхөөр буруу тийшээ яваад байна. Үүний нэг хэсэг нь улстөржүүлж байна, Нутгийн өөрөө удирдах ёс нь орон нутгийнхаа санхүү эдийн засгийн байдлыг өөрсдөө зохицуулж шийдвэр гаргадаг байгууллага байх ёстой болохоос биш нэг даргыг томилдог асуудал ерөөсөө биш. Тийм учраас асуудлыг зөв өнцгөөс харах, орон нутагт эрх өгчихсөн чинь хамаатан саднаараа дамжуулж нийгмийн халамжийн эд зүйл мөнгө төгрөгийг тараадаг, зарим нэгийг нь хулгай хийдэг үйлдэл хавтгайрсан учраас ийм хуулийн зохицуулалт хийж байгааг ойлгох хэрэгтэй.
-УИХ-ын зарим гишүүд Оюутолгойн гэрээг өөрчлөхөөр Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн. Энэ гэрээг өөрчлөх нь зүйтэй гэдэг дээр Ардчилсан нам ямар байр суурьтай байгаа вэ?
-Шинэ Засгийн газар бүрдээд удаагүй байгаа. Бүтэц, бүрэлдэхүүн, төсөв батлуулах гэж байна. Ер нь бол Ардчилсан нам төр 51 хувийг эзэмших ёстой гэдэг дээр санал нэгдэж байгаа. Алдаатай заалтуудыг цаашид өөрчлөх ёстой. Нам гэхээсээ илүү УИХ-ын бүх гишүүд дэмжиж, ижил байр суурьтай байгаа байх.