Захууд захирамжаа дагасангүй

Хуучирсан мэдээ: 2012.09.07-нд нийтлэгдсэн

Захууд захирамжаа дагасангүй

Нийслэлийн авто замын хөдөлгөөнийг сааруулах үүд­­нээс зарим худалдаа үйл­чил­­гээний төвүүдийн эхлэх болон дуусах цагийг өнгөрөгч наймдугаар сарын 24-ний өдрөөс эхлэн өөрч­лө­хөөр шийд­вэрлэсэн. Энэ өөрч­лөлтийн хүрээнд Бөмбөгөр, Хар-Хорин худалдааны төвийн хаах цагийг 15:00 цаг байхаар тогтсон юм. Гэтэл бодит байдал дээр энэ захирамжийн хэрэгжилт нь тааруу байна.

Тийм шийдвэр гарсан юм уу?

Энэ бол Хар-Хорин болон Бөмбөгөр худалдааны төвийн худалдагчдын нийтлэг асуулт. Одоогийн байдлаар эдгээр худалдааны төвүүд өмнөх шигээ 20:00 цагт хаалгаа барьсан хэвээр л байна. “Тийм шийдвэр гарсан юм уу. Би мэдээгүй юм байна. Өглөө 08:00 цагт эхлээд оройн 20:00 цагт дуусдаг хэвээр л байгаа шүү дээ” гэж Бөмбөгөр худалдааны төвийн худалдагч Ц.Баяраа ярьсан юм. Ер нь гаргасан шийдвэрийг нь канондоод тавьсан зар, сурталчилгаа нүдэнд харагд­сангүй.

Бөмбөгөр худалдааны төвтэй адилхан цагт дуусахаар болсон Хар-Хорин худалдааны төв ч бас хуучин цагтаа хаалгаа барьж байна. Тэндхийн худалдагчид хэдийгээр ийм захирамж гарсан гэдгийг мэдэж байсан ч чухам хэн үүнийг зохицуулж товлосон цагт нь хаах ёстойг мэдэхгүй байсан юм. “Одоохондоо хуучин цагтаа л хааж байна шүү дээ. Уг нь тийм захирамж гарсаныг сонссон даан ч хэн үүнийг зохицуулах ёстойг мэдэхгүй юм” гэж нэрээ хэлэхийг хүсээгүй нэгэн худалдагч ярьж байлаа. Бөмбөгөр худалдааны төвд хяналт тавих үүрэгтэй хүмүүс алга. Дээр дурьдсанаар захирамжийг олон нийтэд ил харагдах газар хадсан зүйлс ч алга. Тийм болохоор хүмүүс мэдэхгүй байх нь аргагүй.   Хэрвээ шинэ хуваарийн дагуу худалдааны төвүүдийг хаавал лангуунуудын орлого эрс буурна гэдгийг худалдагчид нь хэлж байна. Яагаад гэвэл өдрийн 13:00 цагаас эхлэн худалдан авалт эрс өсдөг ажээ. Учир нь хүмүүсийн ажил цэгцэрч, цайны цагаараа амжуулах гэсэн хүмүүс чухам энэ л цагаас эхлэн цуварч эхэлдэг аж. “Энэ хугацааны алдагдлыг чухам хэн өгөх юм бүү мэд. Тэгээд ч хүмүүс за зах хаах юм гэнэ, 15:00 цагаас өмнө очиж юм авъя гэж наашаа зүглэх нь юу л бол. Гэтэл бусад захууд өөр, өөр цагт, бүр манайхаас орой дуусчихаад байдаг ” гэж Бөмбөгөрхудалдааны төвийн нэрээ хэлэхийг хүсээгүй ажилтан ярьсан юм.

Хэдийгээр бид тухайн худалдааны төвийн удирдах албан тушаалын хүнтэй уулзах гэсэн боловч тодорхой хариулт өгөх хүн байсангүй.  

Ямар ч ялгаагүй юм биш үү…

Бөмбөгөр худалдааны төвд сурвалжлага хийхээр очсон их үдийн 15:00 цагт хөдөлгөөн ихтэй, нэг, нэгнээ гарахыг дугаарлан зогсох машинууд чамгүй. Ерөөс тийм шийдвэр гарсан эсэхийг мэдэж байгаа жолооч ч алга. Ямар ч байсан орсон машин болгоноос мөнгө авдаг “харуул”, тэндээс бараагаа татаж байгаа машинууд урьдын адил хэвээрээ. Ийм шийдвэр гарсан эсэхийг зарим үйлчлүүлэгчид мэдэж байгаа бололтой. Гэхдээ тэд дурамжхан хандаж байсныг хэлэхэд илүүдэхгүй. “Сонин л шийдвэр байна. Үүнээс болоод түгжрэл үүсээд сүрхий зүйл болоод байна уу гэдгийг бодож үзэх л хэрэгтэй. Бөмбөгөртэй ойрхон гэртэй мань мэт шиг унаа, унашгүй хүнд эндээ л үйлчлүүлж байвал болох юм шиг. Тэгээд ч бидний ажил ямар 15:00 цагт тарах биш” гэж Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хорооны иргэн Б.Ганцэцэг ярив. Үүнийг хоёр гараа өргөөд дэмжих хүн захаас аваад цөөнгүй. Худалдагч, үйлчлэгч, үйлчлүүлэгч гээд л…

Гэхдээ Бөмбөгөрийн орчимд машинд дайруулан амь насаа алдах тохиолдол цөөнгүй байдгыг тэндхийн иргэд хэлж байсан юм. Өнгөрсөн онд л гэхэд иймэрхүү нэг бус удаа гарчээ. Үүнийг нь харгалзан үзвэл эрт хаалгах нь зөв ч юм шиг.

Ямар ч байсан хотын мэрийн гаргасан шийдвэрийн хэрэгжилт нь нэг иймэрхүү явж байна. Харин үүнийг анхааралдаа авч хянаж ажиллахыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэст даалгасан. Захирамжаа хэрэгжүүлж ажиллахыг эдгээр байгууллагууд анхааралдаа авах буй за.

Б.БОЛОРСҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж