Хичээлийн шинэ жил эхлээд нэгэн долоо хоногийг үдэж байна. Сургууль цэцэрлэг, их дээд сургуулийн хичээлийн цагийн хуваарийг зөрүүлсэн хэдий ч замын ачаалал хүндхэн хэвээр, нийслэлийн сая 300 мянган иргэн дөрвөн уулынхаа дунд багтаж ядан байна. Хөдөлгөөний ачаалал нэмэгдэхийн хэрээр автын осол, хэрэг зөрчил ч гарах нь ихсэв. Ердөө ганц хоногийн дотор хоёр хүүхэд амиа алдаж, нэг хүүхэд хүндээр гэмтэв. Энэ тоолонд аав, ээж нарын элэг эмтэрч, хүүхдээ сургуульд өгөх үү, байх уу гэдэг хүндхэн сорилттой тулгарч байна. Хүүхэд нь хичээлээ тараад хоёр цаг гэртээ ирэхгүй байна гэдэг энгийн зүйл байхаа болив. Сар бүр өгч буй 21 мянгынхаа оронд сургуулиудад нь автобус аваад өгчихвөл хүүхдүүдийнхээ аюулгүй сурч боловсроход нь анхаарал тавьж буй төрийн жинхэнэ анхаарал халамж болох юм биш үү гэсэн санаачилгыг “АЭ” сонин жилийн өмнөөс гарган, хэлэлцүүлэг зохион байгуулсаар ирсэн ч эрх мэдэл бүхий нөхдийн чихний хажуугаар өнгөрсөөр удаж байна. Харин ачааллын нөгөө хэсгийг бүрдүүлж байгаа, боловсролын салбарын бас нэг эмзэг асуудал болсон оюутнуудын хувьд амьдрал ямар байна вэ?
Шинэ Засгийн газар бүрдсэний дараа Боловсролын сайд нь багшийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, оюутнуудын сурлагын чанарын асуудал дээр хатуу байр суурь баримтална гэдгээ хэлсэн. Харин нөгөө талд нь оюутны сургалтын төлбөрийг нэмэгдүүлэхгүй байх //инфляцийн түвшинд бариулан 14 хувиас хэтрүүлэхгүй байх/ үүргийг их, дээд сургуулиудын захирлуудад өгөөд байгаа. Ингэснээр их, дээд сургуулиудын сургалтын төлбөр дунджаар 1.200.000-1.500.000 мянган төгрөгт хэлбэлзэж байна. Үүнээс оюутан бүрт сард нэг удаа өгч байгаа 70.000 төгрөгийн тэтгэлэг дээр автобусын билетийн 6000 төгрөгийг нэмээд сургалтын төлбөрөөс нь хасахад нэг оюутны бүтэн жилийн сургалтын зардал ердөө 440.000 төгрөг болж байгаа юм. Харин хэдийгээр “Ерөнхий боловсролыг үнэ төлбөргүй олгох” хуультай ч өнөөдөр хувийн дунд сургуулиудын сургалтын төлбөр 1.800.000 мянгаас эхэлж, 10-15 мянган долларын төлбөртэй сургуулиуд ч олноор бий болоод байгаа. Тэгэхээр их дээд сургуулиуд болон дунд сургуулиудын сургалтын чанар энэ хэмжээгээр ялгарч байна аа л гэсэн үг.
Өнөөдөр манайд жил бүр 40-50 мянган оюутан их дээд сургуулиа төгсдөг ч тэдэнд байгаа ажлын байр нь ердөө арван мянга гаруй. Нийт төгсөгчдийн ердөө 20 хувь нь л ажлын байртай болж, бусад нь ажилгүйчүүдийн эгнээнд шилжих буюу рестораны зөөгч, саунд массажист, зочид буудлын ресепшн, лангууны худалдагч дээр бууж байгаа. Тэгэхээр манай дээд боловсролын систем хэнд зориулагдсан байх нь вэ. Нөгөө “борооны дараах мөөг” шиг олширсон 170 гаруй их, дээд сургуулийн захирлууд, багш ажилчдыг ажилтай байлгах, ар гэрийг нь тэжээхэд зориулагдаж байна гээд хэлчихэд хилсдэхгүй. Тогтолцоогоо л санхүүжүүлж байгаа болохоос биш тэнд боловсрол олж буй оюутнууд, тэдний ар гэрийнхэнд наалдах зүйл алга. Хуучин нийгмийн үед Монголд “дарга анги” гэж ямар ч бүтээмжгүй нэг давхарга бий болчихоод хөдөлмөрчдийн нуруун дээр сууж байна гэж шүүмжилдэг байсан бол өнөөдөр оюутан нэртэй ажилгүй хүмүүсийн бүхэл бүтэн давхарга бий болчихсон өрхийн төсөв төдийгүй татвар төлөгчдийн нуруун дээр зайдалж байна.
Монголынх шиг хямдхан хэрнээ чанаргүй дээд боловсрол дэлхийн өөр хаана ч байхгүй. Арван настай сургуулийн хүүхэд автобусанд 200 төгрөг төлөөд явж байхад оюутнууд үнэгүй, зургаан мянган төгрөгийн үнэтэй нэг сар зорчих эрхийн билетийг нь хүртэл төсвөөс даадаг. Сургалтын төлбөр өчүүхэн бага хувиар нэмэгдэх бүрт хичээл хаяна, жагсана. Тэгсэн хэрнээ нийгмийн өмнө хүлээдэг хариуцлага гэж юу ч байхгүй. Угаасаа жилийн 440 мянган төгрөгийн төлбөртэй сургуульд сурч байгаа хүнд ямар хариуцлага байх юм, юу тэдний хувьд үнэ цэнэтэй юм бэ. Нэг жилийнх нь сургалтын төлбөр сургууль төгсөхдөө хэрэглэдэг “банкад”-ных мөнгөнөөс бага байхад оюутан хүн юм сурах уу, энэ сургуулийг хүндэтгэх үү. Хичээл тараад уушны газар суунгаа “бидэнд цагийн ажил хэрэгтэй байна, оюутны амьдрал хүнд” гэж ярьж суугаа залуусаас Монголын ирээдүй үнэртэхгүй байна аа.
Үүнийхээ оронд ядахдаа бусад орны оюутнууд шиг нийгмийн ажил хийдэг бол, САА явж тариа ногоо хурааж гийгүүлдэггүй, амь насаараа дэнчин тавьж ойн түймэрт явдаггүй юм гэхэд үгүйдээ л сургуулийнхаа зам дээр онгироо жолооч нарын дугуйны нөхөөс болоод байгаа жаахан дүү нараа хичээл тарах цагт нь тосч очоод зам хөндлөн гаргаад өгдөг ажил санаачлаад хийсэн бол оюутнуудын нэр хүнд өндөр байх байлаа. Харамсалтай нь манай их дээд сургуулиудын захирлууд, оюутнууд холбоодын амнаас гардаг үг нь мөнгө, мөнгө, мөнгө. Сургуулийн засвар хийх мөнгө хүрэлцэхгүй байна, мөнгө өг. Оюутнуудын сургалтын төлбөр өндөр байна, буулга гэж төр засгаас шаардахаас биш оюутнууд юу хийж чадах тухай огт яриа байхгүй.
Хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр Боловсролын шинэ сайд “Хүүхэд бүрийг зөв хүн болгохоос багш нарын ажил эхэлнэ” гэж ярьсан, хүүхэд төвтэй сургалтын шинэ системд шилжихээ мэдэгдсэн. Харин хэдийн хүн болоод гарчихсан оюутнууд, хорь гаруй насны идэр залуусыг бид хэдий болтол “нийгмийн эмзэг бүлэг” хэмээн толгойг нь илсээр байх юм бэ. Нийгмийн эмзэг бүлэг гэдэгт тахир дутуу иргэд, өндөр настнуудыг оруулдаг болохоос дөрвөн мөч, зургаан хөл зовлого бүв бүрэн идэр залуу охид залуус яахаараа энэ бүлэгт хамаарч, халамж анхаарал төрөөс шаардаж суух ёстой билээ. Хэрвээ дээд боловсролд шинэлчлэл хэрэгтэй гэж үзвэл амьдралынхаа таван жилийг үдэж байгаа оюутны амьдралд бага ч гэсэн үүрэг хариуцлага гэж юм суулгаж өгөх хэрэгтэй байна. Түүнээс биш хичнээн гоё үгтэй тангараг өргөж, сайд нь сайхан үгээр ивээд хол явахгүй нь.
Түүнийхээ оронд их дээд сургуулиудын үйл ажиллагааг сургалтын чанараас гадна нийгмийнхээ, эргэн тойрныхоо сайн сайхны төлөө хүлээж буй үүрэг хариуцлагаар нь үнэлдэг, тийм их дээд сургууль салбартаа манлайлагч болдог байя. Тэгээд их, дээд сургуулиудын сургалтын төлбөрийг зах зээл дээр гаргаж байгаа мэргэжлийн боловсон хүчний чанар, ажил эрхлэлтийн байдлаар нь үнэлдэг бодитой хэмжүүрийг бий болгоё.
Холбоотой мэдээ