Төрийн тэргүүнүүд өргөтгөсөн хэлэлцээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2012.09.06-нд нийтлэгдсэн

Төрийн тэргүүнүүд өргөтгөсөн хэлэлцээ хийлээ

Монгол Улс, Бүгд Найрамдах Индонез Улсын Төрийн тэргүүд өргөтгөсөн хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Бүгд Найрамдах Индонез Улсын Ерөнхийлөгч доктор Сусило Бамбанг Юдоёонотой Төрийн ёслол хүндэтгэлийн гэр өргөөнд ганцаарчлан уулзсаныхаа дараа Төрийн ордны “Б” танхимд өргөтгөсөн хэлэлцээ хийлээ.

Албан ёсны хэлэлцээний эхэн Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хэлэхдээ, “Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч таныг Монгол Улсад айлчилж байгаад талархал илэрхийлж, тавтай морилохыг хүсье. Манай хоёр орны харилцаа олон улсын харилцааны нийтлэг зарчимд тулгуурлан тогтвортой хөгжиж байна. Хоёр ард түмний уламжлалт, найрсаг харилцааны түүхийг баяжуулж, хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд Эрхэмсэг Ерөнхийлөгч Таны айлчлал чухал хувь нэмэр оруулна гэдэгт би итгэлтэй байна” гэв.

Дараа нь Индонез Улсын Ерөнхийлөгч Сусило Бамбанг эртний түүхтэй бас ардчилал, хүний эрхийн томоохон амжилтыг бүтээж буй өөдрөг ирээдүйтэй Монгол Улсад зочлон ирсэндээ сэтгэл өндөр байгаагаа илэрхийлж өөрийн улсын нийгэм, эдийн засгийн байдлын талаар товч танилцуулсан юм.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ярианыхаа эхэнд, манай хоёр улс хоёулаа хүний эрхийг дээдэлсэн ардчилын төлөө үнэт зүйлээрээ ижилссэн бөгөөд 56 жилийн тэртээ Индонезийн Ерөнхийлөгч Монгол Улсад айлчилж, улмаар хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш Монгол Улс, БНИУ сайн харилцаа хөгжүүлж, бүс нутаг, олон улсын тавцанд харилцан бие биенээ дэмжиж ирснийг тэмдэглээд Монгол Улс 6 дахь удаагийн парламентаа сонгож шинэхэн Засгийн газраа эмлхээд ирээдүйн бодлого зорилтоо тодорхойлж буй нэн чухал цаг мөчид Монгол Улсад зочлон ирсэнд билэгшээж байгаагаа хэлэв.

Мөн Монгол Улс, Бүгд Найрамдах Индонез Улсын хооронд батлан хамгаалах салбарт албан ёсны харилцаа тогтоох, энхийг дэмжих ажиллагааны төвүүд хооронд туршлага солилцох, хамтарсан сургууль зохион байгуулах, мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлсэн юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэдхэн хоногийн өмнө АСЕАН-ы Бүсийн чуулга (АРФ)-ын “Энхийг сахиулах ажиллагааны экспертүүдийн 5 дугаар уулзалт”-ыг хоёр тал Улаанбаатар хотноо хамтран амжилттай зохион байгуулсныг тэмдэглэсэн юм.

Монгол Улс 2011 оны 7 дугаар сараас Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалж байгаагийн хувьд ардчиллыг бэхжүүлэх нэгдмэл зорилгын төлөө БНИУ-тай нягт хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа Монгол Улсын Ерөнхийлөгч илэрхийллээ.

Монгол Улс АОХН-ийн даргын ажлыг аваад ардчиллын боловсрол, бүс нутгийн хамтын ажиллагаа, иргэний нийгмийн оролцоо, туршлага хуваалцах, авлигатай тэмцэх зэрэг таван чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулах зорилт тавьсан бөгөөд Монгол Улсын тавьсан тэргүүлэх зорилго болох ардчиллын боловсролын салбар дахь арга хэмжээнүүдэд индонезийн тал идэвхтэй оролцож байгаад талархав.

Мөн Ерөнхийлөгч, “Бид Ази тивд ардчиллыг бэхжүүлэх, чанаржуулахад анхаарч байгаа. Энэхүү зорилгоор БНСУ-ын Ерөнхийлөгчтэй хамтран өнгөрсөн жил «Ардчиллын төлөөх Азийн түншлэл» хэмээх санаачилга дэвшүүлсэн. Индонези зэрэг ардчилал амжилттай хэрэгжиж байгаа Азийн орнуудыг нэгтгэсэн хамтын ажиллагааны механизм бий болгох зорилготой байгаа”-г дурьдав.

Индонези Улс шууд ардчиллын элементүүдийг нэвтрүүлж ирсэн туршлага бидний бодож төлөвлөж байгаа ажилд их тус нэмэр болох юм. Бид төлөөлөгчдөө явуулж, газар дээр нь судлах сонирхолтой байна. Ирэх оны 4 дүгээр сарын 29-нд АОХН-ийн Сайд нарын VII бага хурал Улаанбаатарт болно. Мөн өмнө нь иргэний нийгэм, залуучууд ба оюутнууд, эмэгтэйчүүд, бизнесийнхэн, парламентын гэсэн 5 форум зохион байгуулахаар төлөвлөж байна. Эдгээр арга хэмжээнд индонезийн тал идэвхтэй оролцоно гэж найдаж байна хэмээн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэллээ.

Мөн Ерөнхийлөгч хоёр орны харилцааг эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын агуулгаар баяжуулахад хамтын ажиллагааны хамтарсан хорооны үйл ажиллагааг эхлүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлээд Монголын тал нэн тэргүүнд уул уурхай, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэл, мөн аялал жуулчлалын салбарт индонезийн талтай харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэх сонирхолтой байгааг онцлов.

Уул уурхай, ашигт малтмалын салбарын хөгжлийг зөв залах, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд өгөх үр өгөөжийг нэмэгдүүлэх, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах, байгалийн баялгаас олж буй ашгийг тэгш хүртээмжтэй хуваарилах зэрэг олон асуудалд оновчтой хариу өгөх шаардлага байгааг Ерөнхийлөгч тэмдэглээд, энэ чиглэлээр нийтлэг асуудалтай орны хувьд Индонезийн талтай  хамтран ажиллах боломжтой гэж үзэж буйгаа дурьдав.

Монгол Улс 50 сая толгой малтай, хөдөө аж ахуйн салбар эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэдгийг тэмдэглээд, мах, малын гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэх улмаар Индонезийн зах зээлд гаргах боломжийг судлахыг санал болгов.

Эрхэм Ерөнхийлөгч Сусило авлигатай тэмцэх, төрийн албаны хариуцлагын тогтолцоо, ил тод байдлыг хангах мөн шууд ардчиллыг хөгжүүлэх талаар  амжилттай бодлого хэрэгжүүлж ирсэнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж баяр хүргэж, дээрх чиглэлээр хамтран ажиллах, туршлага судлах эрмэлзэлтэй байгааг хэллээ.

Монгол Улс бүс нутгийн олон талт хамтын ажиллагаан дахь оролцоо, байр сууриа бататгах, өргөжүүлэх эрмэлзэлтэй бөгөөд юуны өмнө АСЕАН-ны улс орнуудтай хөгжүүлж буй найрсаг харилцаа, хамтын ажиллагааны уламжлал дээр  тулгуурлан АСЕАН-ы яриа хэлэлцээний түнш болох улмаар Зүүн Азийн дээд хэмжээний уулзалтад оролцохын төлөө байгааг онцлоод АПЕК-ийн гишүүн болох Монгол Улсын хүсэлтийг Индонез Улс дэмжиж байдагт талархан, Индонез тус байгууллагыг даргалах 2013 онд энэ асуудлаар тодорхой ахиц гарна гэдэгт найдаж буйгаа Ерөнхийлөгч илэрхийлсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал, санаачилгуудыг сонссоны дараа БНИУ-ын Ерөнхийлөгч Сусило Бамбанг Юдоёоно хэлэхдээ, Би таны хэлсэн саналуудыг бүрэн дүүрэн дэмжиж байна. Монгол Улс бол баатарлаг түүхтэй хүний сэтгэл татсан орон. Энэ жил танай улс шинэ парламентаа сонгож шинэ засгийн газраа байгуулаад байгаад баяр хүргэж амжилт хүсье.

Би өнөөдөр Монгол-Индонезийн бизнес форумд ороцлоно. Энэхүү формоос хоёр улсын хоорондын худалдаа, эдийн засаг, бизнесийн хөгжлийн олон чухал зүйлийг хүлээж байгаа. Монгол Улс АОХН-ийг даргалж хүний эрх, ардчиллын болослвролыг хөгжүүлэхэд чиглэсэн чухал алхмууд хийж байгааг бид сайшаан дэмжиж байгаа. Мөн миний хамгийн том анхаарлаа хандуулдаг зүйл бол авлигтай тэмцэх, шударга ёсыг тогтоох зорилт юм. Танай улсыг ч бас энэ талбарт амжилт олж буйд баяртай байна. Бид цаашид өмнө хөгжүүлж ирсэн харицлаагаа илүү өндөр түвшинд гарган бүхий л боловсрол, хөдөө аж ахуй, дэд бүтэц, уул уурхай гээд бүхий л салбарт бие биеэ дэмжсэн ахан дүү шиг харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэх ёстой гэж бодож байна. Бид бүхий л талаар дэмжиж ажиллах болно. Биднийг ийнхүү халуун дотноор хүлээн авсанд баярлалаа гэв.

Хэлэлцээний төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч хэлэхдээ “Өнөөдөр Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Тантай уулзаж, яриа хэлэлцээ явуулсандаа баяртай байна. Бидний яриа хэлэлцээ үр дүнтэй амжилттай боллоо. Энэхүү яриа хэлэлцээ нь Монгол, Индонезийн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад чухал хувь нэмэр болно гэдэгт итгэл төгс байна. Индонезийн төр, засаг, ард түмэнд улс орноо хөгжүүлэх их үйлсдээ улам их амжилт олохыг хүсэн ерөөе” хэмээснээр хоёр талын хэлэлцээ өндөрлөв.

Эх сурвалж: www.president.mn


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж