Хотын мэр залуу “Битлз”-ыг хүлээн авч уулзлаа

Хуучирсан мэдээ: 2012.09.06-нд нийтлэгдсэн

Хотын мэр залуу “Битлз”-ыг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл өнөөдөр домогт “Битлз” хамтлагийн залгамж халаа болсон “Bootleg Beatles” хамтлагийнхныг Нийслэлийн Засаг даргын тамгын газрын уулзалтын өрөөнд хүлээн авч уулзлаа. “Bootleg Beatles” хамтлаг монголд анх удаа зочилж байгаа бөгөөд маргааш Сүхбаатарын талбайд үнэ төлбөргүй тоглолтоо хүргэх юм. Тиймээс хотын мэр Э.Бат-Үүл тус хамтлагийнхныг хүлээн авч, Нийслэл хотод маань анх удаа зочлон аялан тоглолтоо хийх гэж буйд баярласан сэтгэлээ илэрхийлэн халуун дотно яриа өрнүүлсэн юм.

Э.Бат-Үүл дарга “Битлз” хамтлагийн шүтэн бишрэгч байснаа эргэн дурсаж “Бидний үеийнхний мөрөөдөл бол яах аргагүй “Битлз” хамтлагийн тоглолтыг амьдаар нь үзэх байсан. Хэдийгээр энэ мөрөөдөл маань биелээгүй ч өнөөдөр танай хамтлагийг үзэх боломж олдож буйд маш их баяртай байна. Коммунизмын үеийнхний багш нь Ленин байсан бол миний багш “Битлз” байсан. Тэдний уран бүтээлээс ихийг ойлгосон. Биднийг “Битлз” ардчилал руу хөтөлсөн” хэмээн ярьсан юм. Тус хамтлагийн зүгээс маргааш үдэш Сүхбаатарын талбай дээр болох тоглолтод хотын мэрт зориулан түүний сонсох дуртай дууг зориулахаар санал асуусан ч тэрбээр тэр дууг нь гэж нэрлэхэд амаргүй бүгд л хэзээ ч сонссон сайхан хэмээгээд одоо хүртэл тус хамтлагийн дууг зөвхөн пянз тоглуулагчаар сонсдог тухайгаа хэлсэн юм. Хотын мэр уулзалтынхаа дараа “Bootleg Beatles” хамтлагийнханд Улаанбаатар хотын хүндэт тэмдэг,  дурсгалын зүйлсийг гардуулан өгсөн юм.

Монголд анх удаа  ирж, Ливерпулийн дөрвөлийн дуунуудыг эгшиглүүлэх тус хамтлагийг НИТХ-ын төлөөлөгч буюу “Шар айраг” хамтлагийн ахлагч  Г.Ганхүү, Их Британи дах Монголын бизнес, худалдааны зөвлөл, хөгжмийн зохиолч Б.Долгион нар урьсан бөгөөд тэд энэ сарын 7, 8-нд тоглолт хийн Монголд гурав хоног саатах нь ээ.

Тэд энэ жил тохиож байгаа алдарт “Битлз” хамтлагийн 50 жилийн ойд зориулан ийнхүү нийслэлчүүдэд бэлэг барихаар болсон аж. Түүнчлэн, уг тоглолтод “Шар айраг” хамтлагийнхан хамтран уран бүтээлээ хүргэх бөгөөд мөн “Битлз”-ийн үнэнч фэнүүдэд зориулсан “Excluve party” тоглолт энэ сарын 8-нд 18.00 цагт “Sky resort”-д болно. Тусгай тоглолтын тасалбар 150 ам.доллар гэнэ.

Г.ДАША



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж