Оросуудын тэн хагас нь авлига өгдөг

Хуучирсан мэдээ: 2010.05.16-нд нийтлэгдсэн

Оросуудын тэн хагас нь авлига өгдөг

Асуудлаа шийдэх хамгийн шилдэг арга зам бол албан тушаалтнуудад авлига гэж Оросын иргэдийн талаас илүү хувь нь үзэж байна гэж “Reuters” агентлаг мэдээллээ. “Levada Center” төвөөс явуулсан санал асуулгад оролцсон 1,600 оролцогчийн талаас илүү хувь нь “Орост албан тушаалтнуудад хүн бүхэн авлига өгдөг” хэлсэн байна. Дөрвөн жилийн хугацаатай сонгуулийн хугацааныхаа талаас өнгөрөөд байгаа Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев авлигатай тэмцэж, хууль төгс баримталдаг улс орон болно гэж олонтаа амалсан.

Харин тус төвийн судалгаанаас үзвэл оросууд эмнэлгийн үйлчилгээ, жолооны үнэмлэхээ “худалдаж”, замын хөдөлгөөний дүрэм зөрчиж баригдах, хүүхдээ цэрэгт татуулахгүйн тулд, эсвэл илүү дээр сургуульд явуулахын тулд авлига өгсөөр байгаа хэвээр байна. Судалгаанд оролцогсдын 10 хувь нь бүр төрөл төрөгсдийнхөө оршуулгыг хийхийн тулд авлига өгсөн гэж хэлсэн байна. Авлига өгдөг хүмүүс бол “гэмт хэрэгтнүүд мөн” гэж судалгаанд оролцогсдын ердөө 10 хувь нь л үзсэн бол “мөнгөтэй дугтуй” өгдөг хүмүүс үнэндээ өөр аргаар асуудлаа шийдвэрлэх боломжгүй  ердийн хүмүүс гэж 30 хувь нь үзсэн байна.

Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард “Watchdog Transparency International” байгууллагаас гаргасан тайланд Орос улс авлигын үзүүлэлтээрээ дэлхийн 180 орноос 146-д бичигдсэн бөгөөд Африкийн Зимбабве, Сиерьра Леон зэрэг улсуудтай мөр зэрэгцсэн байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж