
харшил, тэр дундаа ургамлын тоосонцрын харшилд “дарлуулсан” хүн цөөнгүй
тааралддаг болжээ.
Сүүлийн жилүүдэд энэ өвчин элбэгших хандлага ажиглагдаж байна. Энэ
талаар ярилцахаар Арьсны өвчин судлалын үндэсний төвийн Поликлиникийн
эрхлэгч, Арьс гоо заслын тэргүүлэх зэрэгтэй их эмч Б.Оюуныг дугаарын
зочноор урьсан юм.
-Өвчин ярихаасаа өмнө хоёулаа өөр зүйл ярьвал ямар вэ. Танайхыг
гэр бүлээрээ анагаахын салбарт ажилладаг гэж дуулсан. Тэр дундаа аавыг
тань Ховд аймгийнхан “Хүүхдийн Булган” гэдгээр нь анддаггүй юм билээ.
Энэ тухай сонирхуулаач?
-Аав маань Ховд аймгийн Булган суманд хүүхдийн сүрьеэгийн эмчээр
насаараа ажилласан хүн. Үнэхээр “Хүүхдийн Булган” гэхэд нутгийнхан
андахгүй сайн таньдаг юм. Ээж маань бас эмч мэргэжилтэй. Эрүүл мэндийн
яамны магадлах их эмчээр ажиллаж байсан. Мөн гэр бүлийн хүн маань ч
эмэгтэйчүүдийн эмч мэргэжилтэй.
Би 1984 онд Анагаах ухааны дээд сургуулийг төгсөөд Булган аймагт
томилогдон Нэгдсэн эмнэлгийн Арьс өнгөний диспансераар 10 жил ажилласан.
Тэгээд 1994 оноос “Арьсны өвчин судлалын төв”-д мэргэжлээрээ ажиллаж
байна. Эрүүл мэндийн салбарт 30 орчим жил арьсны эмчээр ажиллаж байна.
-Сүүлийн жилүүдэд ургамлын, нарны, тоосны харшилтай хүний тоо
нэмэгдэх хандлагатай байна. Ер нь энэ өвчнөөр өмнө нь хэр олон хүн
өвддөг байсан юм бэ?
-Намайг анх төгсөөд эмч болж байхад арьсны өвчин тодорхой, цөөхөн өвчин
байсан. Ихэвчлэн тэмбүү, хамууны араас хөөцөлддөг байсан. Харин одоо
арьсны төрлийн шинэ өвчин гарч байна. Гадаадад тохиолддог өвчин манай
улсад гарч байна. Хаврын улиралд амьсгалын замын харшлууд гардаг. Жил
ирэх бүр өмнөхөөсөө нэмэгдэж байгаа нь үзлэг шинжилгээнд орж байгаа
хүмүүсээс харж болно. Ургамлын харшил нь дөрөвдүгээр сарын сүүл
тавдугаар сарын эхээр эхэлдэг.
-Улсын хэмжээнд арьс өнгөний өвчнийг нэгдсэн журмаар эмчилж чадах ганц
байгууллага бол “Арьс судлалын үндэсний төв”. Энэ жилийн хувьд танай
эмнэлгийн ачаалал хэр байна?
-Улирлын чанартай ургамлын харшил энэ жил орой эхэлсэн. Харин одоо
харшил их байна. Насанд хүрсэн хүмүүс харшлаар өвчилдөг байсан бол бага
насны хүүхдүүд харшилтай болчихож гээд ирдэг болсон. Өөрөөр хэлбэл,
харшил залуужих шинжтэй байна.
Ургамлын харшил залуужаад байгаа гэдэг нь 6-10 настай хүүхдүүдийн хамар
битүү, нүд улайж, чихний суваг, тагнай загатнах зовиураар их ирэх
болсон. Энэ зовиур хэзээ эхэлсэн талаар асуухад саяхнаас ингэх болсон
гэдэг. Тэгэхээр хүүхдийн харшлууд шинээр гарч байгаа нь харагдаж байна.
Манай Арьсны өвчин судлалын төвийнхөн арьсны найм, гоо сайхны хоёр
эмчтэй ажиллаж байна. Зуны улиралд эмч нарын амралтын хугацаа эхэлдэг.
Түүнчлэн зарим нь рашаан сувиллын газарт ажилладаг. Ингэхээр эмч нарын
тоо цөөрчихдөг. Гэтэл энэ улиралд хөдөлгөөн ихтэй, сургууль,
цэцэрлэгийнхэн цуглардаг. Энэ үед хамуу, арьсны төрөл бүрийн харшил,
батгашилт гээд бүх төрлийн өвчтэй хүн ирнэ. Хөдөө орон нутгаас өвчтөн
ирэх нь цөөн. Нийслэлд амьдарч байгаа иргэд, оюутан залуус манай
эмнэлэгт ханддаг. Одоогоор манай төвийн ор битүү байгаа. Учир нь хичээл
эхэлсэн болохоор эмчилгээ хийлгэх гэсэн хүн их ирдэг. Бидний хувьд,
өвчин даамжирсан, гадуур эмчлэх боломжгүй хүмүүсийг хэвтүүлэн эмчилж
байгаа.
-Энэ жил нийслэлд зам засвар, барилгын ажил нэлээд өрнөж байна.
Тиймээс тоосны харшил нэмэгдэж байгаа юм болов уу гэж бодох юм.
Мэргэжлийн хүний хувьд харшил ихсээд байгаа шалтгааныг юу гэж тайлбарлах
вэ?
-Харшил ихсэж байгаа олон шалтгаан бий. Шороо тоос, орчны, агаарын
бохирдолт байна. Мөн хоол ундны чанаргүй, баталгаагүй байдлаас харшил
үүсэх гол нөхцөл болж байна. Манайхны хоол хүнсний жор маш их
өөрчлөгдсөн. Халуун ногоо, хоол амтлагч, даршилсан ногоо идэж байгаагаас
энэ төрлийн өвчлөл бий болох боломжтой. Мөн идэж уусан хоол ундны
харшил бий. Хүнсний бүтээгдэх үүний харшил зонхилдог. Ер бидний хүрээлэн
байгаа бүхий л зүйл харшил өгдөг. Харшил нь ямар замаар хүний биед
халдаж байгааг ангилж үздэг. Амьсгалын замаар гэдэг нь агаар, дуслын
замаар орж байгаа харшил ихэвчлэн ургамлын харшил байдаг.
-Ургамлын харшил хэдэн сараас эхэлдэг юм бэ. “Арьс судлалын үндэсний
төв”-ийнхөн жил бүр урьдчилан сэргийлэх вакцин хийдэг шүү дээ?
-Ургамлын харшил нь дөрөвдүгээр сарын сүүл тавдугаар сарын эхээр
эхэлдэг. Манай төвд ургамлын харшлыг гуравдугаар сараас сорил тавиулдаг.
Ингэснээр ямар ургамлын харшил вэ гэдгийг мэдээд дөрөвдүгээр сарын
4-нөөс сэргийлэх вакцин тарьдаг. Ургамлын харшлын вакциныг гурван жил
дараалан хийлгэх ёстой. Ингэж хийлгэсэн иргэд дархлаа тогтож, дахин
харшил авахгүйгээр хавтгайрч эхэлдэг. Нэг харшилтай хүн эмчлүүлэхгүй
байгаад байвал дахин өөр харшлууд нэмэгддэг. Тиймээс харшил эхэлж байгаа
үед нь сорилго тавиулаад, эмчилгээ хийлгэх хэрэгтэй.
-Харшлаас урьдчилан сэргийлэхийн тулд юу хийвэл зохистой вэ?
-Хамгийн гол харшлаад байгаа зүйлээсээ хол байвал эдгэнэ. Харшлуулах
зүйлтэйгээ ойр байвал эмчилгээ хийлгээд ч эдгэхгүй. Тасалгааны цэцгээс
харшлах хүмүүс ч бий.
-Арьс улайж, загатнахыг нарны харшил гэж хэлж болох уу?
-Гэхдээ загатнасан болгон нарны харшил биш. Наранд удаан явсан, эсвэл
байнгын нарны дор ажилладаг хүмүүс ихэвчлэн энэ төрлийн харшил тусдаг.
Тиймээс эмчид үзүүлж юуны харшил байгааг мэдэх нь чухал. Нарны харшилтай
бол нарнаас хамгаалах сүүдрэвчтэй малгай байнга өмсч байх хэрэгтэй.
Нарнаас хамгаалах тос түрхэж гаднаас хамгаалахаас гадна дотроосоо хоол
ундандаа сармис, халуун ногоотой, хоол амтлагчтай, даршилсан зэрэг
биеийн мэдрэг чанарыг нэмэгдүүлсэн хоол хүнс хэрэглэхээс зайлсхий.
Тэгвэл харшил багасна.
-Харшлын төрлийн өвчнөөс хүний биед хортой ямар өвчлөл байдаг юм бол?
-Харшлын хэдхэн тооны өвчин байдаг. Харшлын өвчин илрэх байдлаараа
арьсны харшлын өвчин биеэр тууралт гарч илэрнэ. Мөн хүрэлцсэн газраараа
харшил гарч болно. Харин эмийн харшил уусан бол бүх биеэр, тариа тарьсан
бол тарьсан газарт гардаг. Бүх харшил адилхан дотор эрхтнийг
хордуулдаг.
-Эмнэлэгт хандахаар ачаалал их байдаг учир завгүй зарим иргэд
янз бүрийн бэлдмэл, хэрэглэх, сармисны ханд уух зэргээр гэрээр эмчилдэг.
Энэ нь хэр зөв эмчилгээ болдог юм бол?
-Харшлын үед дархлааны эм, бэлдмэл хэрэглэж болохгүй. Харшлын эмийг
эмчийн зааваргүйгээр хэрэглэж болохгүй. Дурын эм, бэлдмэл хэрэглээд
дархлаагаа ихэсгэж болохгүй. Дархлаа өөрөө маш нарийн зохион
байгуулалттай учир оролдож болохгүй.
-Харшлыг ахуйн нөхцөлд эмчлэх арга бий юу?
-Эмчилгээний зүйлийг эмчээс асууж байж хэрэглэх хэрэгтэй. Харин хоол
ундандаа витаминлаг, чанарлаг, даршлаагүй бүтээгдэхүүн хэрэглэх нь зөв.
Хиам, консерив зэрэг бэлэн бүтээгдэхүүн тэр бүр эрүүл мэндэд сайнаар
нөлөөлдөггүй. Манайд ихэвчлэн тосны булчирхайн үйл ажиллагааны өөрчлөлт
буюу батгашилттай хүүхэд залуус ирдэг. Өөрөөр хэлбэл, 16-20 насны
хүүхэд, залууст тохиолдож байна. Тэдний зарим нь янз бүрийн тос
түрхсэнээс болж тосны булчирхайн үйл ажиллагаанд нөлөөлж, тос ихээр
ялгарч, үрэвсэл үүсдэг. Зарим нь бага зэргийн идээт үрэвсэл гарсан
тохиолдолд оролдсоноор халдвар ихэсдэг. Мөн гармоны өөрчлөлттэй ч
холбоотой.
-Зарим хүн арьс цайх, цоохортох өвчтэй болчихлоо гээд шаналж яваа харагдах юм. Та энэ өвчний талаар товчхон мэдээлэл өгөөч?
-Сүүлийн үед манайд арьс цайх өвчин нэмэгдэх болсон. Арав гаруй жилийн
өмнө энэ төрлийн өвчин ганц нэг тохиолдож байсан. Арьсны будагч бодисын
өөрчлөлтөөс болоод арьс алагладаг. Энэ нь ихэвчлэн идэж уусан
бүтээгдэхүүнээс болж байгаа болов уу гэж боддог. Үүнийг маш нарийн
судлах шаардлагатай. Мөн арьс цайх өвчний үед хэрэглэх эм тариа
дутагдалтай. Хамгийн гол нь идэж байгаа хоолондоо анхаарах хэрэгтэй.
Дээр хэлсэнчлэн хоол амтлагчтай, даршилсан бүтээгдэхүүнийг аль болох
хэрэглээнээсээ гаргах нь зүйтэй. Жимс, жимсний төрлийг хэрэглэж хэвших
нь сайн.
-Харшлын өвчнийг эмчлэх тоног төхөөрөмж ямар төвшинд байна вэ?
-Манайд дэлхийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж лабораторид суурилуулсан.
Лабораторийн шинжилгээнд Японы сүүлийн үеийн төхөөрөмж хэрэглэж байгаа.
Дэлхийн төвшинд хүрсэн тоног төхөөрөмж хэрэглэж байгаа гэж ойлгож болно.
Хамгийн сүүлд эмийн харшлыг цусаар тодорхойлох төхөөрөмж ирсэн. Энэ нь
маш их ач холбогдолтой. Учир нь тухайн хүн ямар эмнээс харшилснаа
мэдэхгүй байхад цусаар нь шинжлээд эмийг тодорхойлж болно гэсэн үг.
Цуснаас аваад тэр дор нь оношлодог болсон нь том алхам.
-Дээхэн үед хамуу гарах тохиолдол их байдаг байсан. Харин
сүүлийн үед нам гүмхэн байх юм. Энэ төрлийн өвчин гарахгүй байгаа гэсэн
үг үү?
-Ер нь энэ төрлийн өвчинтэй хүн бусдаас нуух хандлагатай байдаг шүү дээ.
Иймээс эмч, мэргэжилтнүүд хамуу ихсэж байна гэхээс илүү харшил нэмэгдэж
байна гэж ярьдаг. Гэхдээ энэ өвчин байхг үй биш, байгаа. Социализмын
үед үзлэг шинжилгээг бүх нийтээр хийдэг байсан болохоор хамуу илрэх
тохиолдол ч их, үндсээр нь устгадаг байсан. Харин сүүлийн үед үзлэг
шинжилгээнд орохоор ирсэн хүмүүсийг хамууны үзлэгт хамруулдаг. Өвчин
илэрсэн тохиолдолд эмчилгээ хийлгэхийг зорьдог ч тухайн хүн хагас дутуу
хийх маягаар өвчнөө бүрэн гүйцэд эдгээдэггүй. Хамуу нь амьсгалын замаар
биш, ахуйн замаар халддаг болохоор гэр орныхонд халддаг. Гэр бүлээрээ
халдварладаг өвчин шүү дээ. Өвлийн улиралд гайгүй болчихдог. Харин намар
хөл хөдөлгөөн ихсээд, үзлэг шинжилгээнд орох хүмүүс олширдог. Өөрөөр
хэлбэл, хөдөлгөөн ихэссэн үед хамууны өвчлөл ч дагаад ихэсдэг. Одоо ч
өвчлөлийн тохиолдол гарч байгаа.
ЭХ СУРВАЛЖ: "ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН