Д.Дэмбэрэл: Цөөнхийн үгийг сонсохгүй байна

Хуучирсан мэдээ: 2012.09.06-нд нийтлэгдсэн

Д.Дэмбэрэл: Цөөнхийн үгийг сонсохгүй байна

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм. Төсөлд УИХ дахь намын бүлэг завсарлага авах тухай асуудлыг тусгаад байгаа бөгөөд УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл эл асуудалтай холбогдуулан “Завсарлага авснаар төрийн ажлыг унагаадаг гэж ойлгож болохгүй.  Харин ч завсарлага авах нь зөвшилцөх, зөв шийдвэр гаргахад нөлөөлдөг. Олонхийн бүлэг завсарлагыг хязгаарлахын тулд цөөнхийнхний үгийг сонсохгүйгээр хийхээр шамдаж байгаа нь буруу” хэмээн мэдэгдэж байв. Мөн тэрбээр гишүүдийг үгээ хэлэх боломжийг нь олгохын тулд горимын санал гаргасан ч дэмжлэг хүлээсэнгүй унасан. Иймд УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэлээс дараах тодруулгыг хийсэн юм.

-Намын бүлгүүд завсарлага авахтай холбоотой асуудлыг хэлэлцэх шатанд маргаан гарлаа, та бүхэн цөөнх болохоор завсарлагыг хугацаатай болгохыг нэг ёсны эсэргүүцээд байна уу даа. Гэхдээ үг хэлэх боломж олгосонгүй гэдэг дээр нэлээд гомдолтой байх шиг?

-УИХ ын хуульд бүлгүүдийн эрхийн дотор юу заасан байдаг юм бэ гэхээр завсарлага авах эрхтэй гэсэн байдаг. Намын бүлгүүдийн тэр эрхийг хязгаарлах хуулийн төсөл хэлэлцүүлэгт орж ирээд байна, энэ нь өнөөдөр ч УИХ-д орж ирсэн юм биш, өнгөрсөн жилүүдэд завсарлагын тухай асуудал дөрвөн жил яригдсан. Ардчилсан намын гишүүд бол өнгөрсөн парламентын үед “Дөрвөн жил завсарлага авах эрхтэй” гэж хашгираад чинээндээ тултал хангаж ажилласан, бид ч эрхийг нь хүндэтгэж завсарлагыг нь өгч байсан. Би бол товч үгээ хэлсэн, зарим нэг гишүүн урьдчилан саналаа илэрхийлээгүй байсан учраас байнгын хорооны дарга их хашаад байна лээ. Тэгэхээр нь би горимын санал гаргасан. Та Дэгийн хуулийн дагуу асуулт аваад гуравхан гишүүн асуултдаа хариулт авлаа. Гэтэл маш олон гишүүн асуулт асууж, үг хэлье гэж байна.  Тийм учраас би гишүүдийнхээ үгийг сонсоё гэдэг горимын санал гаргая гэсэн, санал хураалгахад олонхи нь “Асуулт асууж, саналаа хэлэх шаардлагагүй” гэж эсрэг байр суурь илэрхийлснээр асуудал хаагдлаа. Гол нь хэлэлцэж байгаа асуудал нь маш чухал намын бүлгийн эрхтэй холбогдсон завсарлага авах эрхийг хязгаарлах тухай, ийм үед гишүүд үгээ хэлэх ёстой, тэр тусмаа цөөнхийн гишүүдийн үгийг хүндэтгэж сонсох ёстой. Харамсалтай нь сонссонгүй. Ер нь манай энэ удаагийн парламент бол зөвшилцөх асуудлыг юман чинээ бодохгүй байна, гишүүдийн үгийг сонсох асуудалд ингэж хүч түрэмгийлэх нь учир дутагдалтай байна. Хүчээр, олонхиороо түрий барьсан үйл ажиллагаа нь үргэлжлээд байна,  байнгын хорооны даргын хувьд гишүүд рүү учир зүггүй дайраад, “Чи ч үг хэлэх ёсгүй, нэрээ түрүүний өгөхгүй яасан юм” гээд хашаад байх юм бол ажилд муу шүү дээ.

-Завсарлагын хугацааг хэд хоногоор хязгаарлаж байна вэ. Өнгөрсөн парламентаар эл асуудлыг хэлэлцэх санал гараад бүтээгүй. Юун дээрээ сааатаад байсан юм бол, та тухайн үед УИХ-ын дарга байсан болохоор илүү мэдэх болов уу?

– Түрүүчийн дөрвөн жилд завсарлагыг хугацаатай болгох санал тавиад биелээгүй. Цөөнхийн бүлгийн зүгээс “Завсарлага бол цөөнхийн эрхийн асуудал, хуульд өөрчлөлт оруулж болохгүй” гэж хэлж байсан. Тийм болохоор уг асуудлыг дөрвөн жилд нь зөвшөөрч  цөөнх үгээ хэл, хэлсэн үгийг тань дахин тунгааж ярилцаад, зөвшилцье гээд болгоод ирсэн дөрвөн жилийн ажил л даа.  Одоо харин болохоо байчихсан байна. Би асуулт асуухдаа “Та нар энэ хуулийг ингэж гаргаж болохгүй ёс зүйн хувьд нийцэхгүй байна. Дөрвөн жил өөрсдөө энэ завсарлагыг хэрэглэж, энэ бол цөөнхийн эрх гэж хашгирчихаад одоогийн цөөнхөд болохоор та нар тийм эрхгүй үүнийг чинь хязгаарлана гэж хэлж байгаа нь ёс суртахууны хувьд нийцэхгүй байна. Үүнд хариулт өг гэхээр баахан процесын юм яриад л өөрсдөө олонхиороо хүч түрээд л явчихлаа.

-Завсарлагын хугацааг хэд хоногоор заагаад байна?

-Завсарлагын хугацааг таваас доошгүй ажлын өдрөөр авна. УИХ-ын дарга бол үүнийг нь дахиад таваас доошгүй ажлын өдрөөр сунгаж болно гэсэн хуулийн заалт орж байгаа юм. Ийм хязгаарлалтыг хийж болно л доо, тав ч байна уу, гурав ч гэнэ үү, тэнд асуудал байгаа юм биш. Гол нь яахлаараа өөрсдөө цөөнх байхдаа завсарлагыг өөрийн хүүхэд шиг бөөцийлдөг, өөрсдөө олонхи болохоор тэр хүүхдийг угаадастай нь хамт цацаж байх ёстой юм бэ, та нарт тийм ёс зүй байхгүй. Та нар наадахыгаа ингэж хүч түрж гаргаж болохгүй ээ л гэж хэлээд байгаа юм.

-Ер нь цөөнхийн гишүүдийнхээ үгийг сонсохгүй гэж танай нам олонхи байхдаа боомилж байсан уу? 

-Гишүүд асуулт асууя,саналаа хэлье гэж байхад наадахыг чинь сонсохгүй ээ гэж горимын санал хураалгаад хурал даргалах нь парламентын түүхэнд цөөхөн л үзэгдэл байх. Бид олонхи байхдаа цөөнхийн дуу хоолойг хүндэтгэж, асуудлыг зөвшилцлийн замаар шийдэж ирсэн.

-Та ер нь харамсч байна уу, өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд УИХ ын дарга байхдаа өөрсөд шиг нь хатуу хандаж цөөнхийн бүлэг завсарлага авах асуудлыг хязгаартай болгодог байжээ ч гэдэг юм уу?

-Үгүй ээ, би тэгж огт бодохгүй байна. Бүлэг завсарлага авлаа гэдэг нь тэр асуудлыг хойшоо хаячихаад байдаггүй зүйл л дээ. Завсарлага авсан асуудлаараа хоорондоо ярилцаж байгаа юм, бүрмөсөн болих уу, эвсэл дундын хувилбар олох уу гээд зөвшилцөөн хийхэд хамгийн сайн түлхэц өгдөг механизм.  Завсарлагыг хоёр ав, гурав ав, асуудлыг тэгэхээр нэлээн ярилцана. Завсарлагыг та нар үргэлжлүүлээд байх юм уу, яах юм, гээд. Тэгэхлээр парламентын ажлыг нэлээд чамбай бэлтгэх процесс руу түлхэж байгаа юм. Тэр утгаараа манай намын бүлгээс “Завсарлагыг хязгаартай болгоё” гэж ярьсан боловч би хүлээж аваагүй. Хүлээж аваагүйн цаад үндэслэлдээ бас харамсахгүй байна. Тэр үед би хүчилж байгаад энэ завсарлагыг болиулдаг байвал зүгээр байж гэж таны хэлдгээр огт бодохгүй байна. Яагаад гэвэл цөөнхийн бүлэг энэ эрхийг эдлэх замаар олонхи бүр хүч түрээд болохгүй бол түүнийг нь таслан зогсоох ганц механизм энэ юм. Ардчилсан парламентад байж л байдаг зүйл. Хэрэв завсарлагыг хэтэрхий их хаах юм бол олонхи үнэхээр буруу зүйл хийх гэж байна гэдгийг таслан зогсоох механизмыг бүрмөсөн амийг нь тасалж байгаа юм. Тийм учраас энэн дээр наанатай цаанатай хандах ёстой, яагаад үүнийг парламент гурав дөрвөн жил баримтлаад хадгалж, ийнхүү авч явав гэдэг нь өөрөө том асуудал л даа, жижиг асуудал биш.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж