Хөдөөгийн Банзрагч ба хотын ’’Битлз’’

Хуучирсан мэдээ: 2012.09.06-нд нийтлэгдсэн

Хөдөөгийн Банзрагч ба хотын ’’Битлз’’

Хөдөө хорвоотой танилцсан жаахан охин найм хүрээд
сургуульд орохоор хотын гэртээ ирэхэд ах нарын байдаг өрөөнд харь
хэлийн нэг л дасал биш хоолойтой хүмүүс мэдэхгүй дуу чихэнд чийртэйгээр
дуулах нь нэг л таагүй. “Иван Васильевич мэргэжлээ сольсон нь” гэдэг
кинонд дундад зуунаас XX зуунд ирсэн хаан Иван бүтэлгүй зохион
бүтээгчийн орон дээр байсан магнитафоны товчлуур дээр санамсаргүй
дарчихаад цочдог шиг би гэдэг хүн тэрхүү хачин хоолойтнуудыг дуулуулаад
байгаа дөрвөлжин хайрцганд хүрэх гэж яарахгүй, алсаас л чагнаад байсан
санагддаг юм.

Хөдөө бол радиогоор дуу явна. Хэзээний танил, ах дүү шиг болсон Банзрагч
“Алсын анирхан уулс дундаа агаарын сайхан хөдөө юм аа хө” гэж ирээд л,
эсвэл нэг их аятайхан хоолойтой эгч “…Цэцэгт нугын эрвээхэй нуга
дэнжийг чимээд…” гэдэг ч юм уу маш ойлгомжтойгоор дуулдаг байсан юм
чинь. Ах нарын өрөөний дөрвөлжин хайрцганд хаанахын хэн гээч тийм
хачнаар дуулдаг байна аа. Яагаад ч юм, асуудаггүй байлаа. Ах нар хоёулаа
гитар дарна. Тэрийг нь сонсох бас зүгээр. Ихэвчлэн мэдэхгүй хэлээр
дуулна. Хааяа надад монгол дуу дуулж өгнө. Тэгснээ намайг тоглож сурах
уу гээд гитараа өгнө. Зааж оролдоно. “Жалам хар”-ыг зааж өгөхөд нь бас
сураад байна аа. Одоо бодоход ах нар надтай миний мэдэх хэлээр ярьж
байсан байгаа юм. Өөрсдөө хөгжим сонсохоороо өнөөх харь хэлтнүүдээ
чарлуулах хэрнээ надад санаа тавих болохоороо “Жалам хар”, “Маамуу нааш
ир” мэтээр харьцаад байх.

Манай хоёр ах хоёулаа дээгүүрээ нарийн, доогуураа өргөн өмдтэй, урт
үстэй. Хөдөө тийм гаж хүмүүс үзэгдэх биш. Өвөө, хажуугийн хамаатны ах,
тэдний хүүхдүүд. Хааяа орж гарах явуулын хүмүүс л байна. Тэдэн дунд
манай хоёр ах шиг сонин хувцастай, үстэй нь нэг ч байдаггүй. Битүүхэндээ
гайхна. Удалгүй сургууль эхлэх болж, би ах, эгч нарынхаа нэгтэй гадуур
явдаг боллоо. Гэтэл гудамжинд манай ах нар шиг өмдтэй, үстэй ах нар
яваад байна шүү. Энэ хотынхон чинь яасан сонин хүмүүс вэ гэж тухайн
үедээ бодож байсан байх даа. Тэр үед чухам юу бодож байснаа санадаггүй
юм. Тиймэрхүү бодол төрж байсан болов уу гэхээр мэдрэмж л байна. Удалгүй
өнөөх дуунд нь миний чих ч дасч анзаарахаа больсон. Ах нар маань өнөөх
дуучдаа сонссоор, хөгжмийг нь гитараараа дагаж тоглосоор байсан юм даг.

Тэгсэн нэг өдөр бага ах аавд загнуулж байна шүү. Мань хүн хичээлээ
хийхгүй, дэмий сэлгүүцэж, элдэв хүүхдүүдтэй нийлж, болсон болоогүй юм
хийж яваа юм гэнэ. Тэдний хоорондын яриа ч гэх үү, хэрүүл ч гэх үү
харилцан толхилцоон дундаас ах хамтлагт бөмбөрчин болсныг ойлгов. Чиний
хөгжим тоглох гэж юу байдаг юм, боль, хичээлээ л сайн хий гэсэн
шаардлагыг аав тавьж байна. Ах найзуудтайгаа хамт хөгжим тоглодог,
гадуур явж, буруу зөрүү юм хийдэггүй тухайгаа учирлаж байна. Сүүлдээ юу
болсон ч билээ, ямартай ч бага ах маань зүгээр сууж байхдаа хоёр гар нь
өвдөг дээрээ байнга хөдөлж байх болов. Хөгжмөө, бөмбөрөө давтаж байгаа
юм байх. Удалгүй тэдний хамтлаг Төмөр замын соёлын ордонд тоглох гэж
байна гэж дуулдсан. Тэд найзуудаараа одоогийн хүүхдүүдийн ярьдгаар
лагууд нь байсан бололтой. Бага ахын үс гэзэг нь гэхдээ том ахынх шиг
байгаагүй, богиновтор байсан. Бага ахыг тэгж хөгжмөөр өвчилж байх үед
том ах Киевт сургуульд явсан байв. Гоё дугтуйтай захианууд ирнэ. Дотор
нь гоё гоё зурагтай. Доогуураа өргөн өмдтэй хэвээрээ. Өөр олон гоё тийм
өмдтэй ах нартай авахуулсан зурагнууд явуулдаг байв. Тэр ах нарыг хараад
л баймаар.

Тэд “Битлз”-ийн болон тухайн үеийн хамгийн топ хамтлагуудын хөгжмийг
сонсдог байсан юм билээ. Сэтгэл зүрхээ тэдний дуу хөгжмөөр хөглөж, стиль
имижээ ч тэднийг дуурайн бүрдүүлдэг байж. Гоё сайхан, өөдрөг бүхэн
орчин тойрныхноо уусган татдаг. Тэртээх 1970-1980-аад он. Алс холын
Английн залуусын хамтлаг бүх дэлхийг байлдан дагуулсан хэвээр байж.
Монгол залуус ч тэднийг дуурайх хүсэл сэтгэлээр жигүүрлэсэн байж.

Р.ОЮУНАА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж