-Төрийн дээд байгууллагын нэр хүнд унаж дууслаа, УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх, Г.Баярсайхан хоёр зодолдлоо, төрийн байгууллагын удирдлагууд нь улсын хөрөнгийг хувьдаа завшдаг, их, дээд сургуульд суралцахын тулд оюунаараа биш мөнгөөр зодож байж орж байна. Төрийн өмчийн сургуулиуд хандивын данс нээчихсэн хандив нэрээр оюутан элсүүлж байсныг нь саяхан Төрийн өмчийн хорооноос дансыг нь лацадсан гэх мэдээлэл дуулдсан. Энэ мэтчлэн хууль бус олон үйлдэлтэй Ардчилсан нам хэрхэн тэмцэх вэ. Ёс зүйгүй авирласан гишүүдийг эргүүлэн татдаг байж болдоггүй юм уу. Энэ бүхэн нь эцэстээ асуудлыг хуулиар биш, зодуураар шийддэг байдал руу орох нь байна шүү дээ, ард түмэн яах болж байна вэ?
-УИХ, Засгийн газар нь төрийн эрх барих дээд байгууллагынхаа хувьд хамгийн хариуцлагатай хамгийн нэр хүндтэй хуулиа ягштал баримталдаг хүмүүсээс бүрдсэн байх ёстой гэдэгтэй санал нэгддэг. УИХ-ын шинэ бүрэлдэхүүн сонгогдоод багахан хугацаа өнгөрч байна. Энэ хэдхэн сарын хугацаанд хариуцлагагүй, урьдынхаа хуучин замаар явж байя гэсэн хүсэл эрмэлзэлтэй, асуудлыг болж өгвөл тохиролцоод зохицоод хийх сонирхолтой ийм улстөрийн хүчин, улстөрчид байгааг үгүйсгэж чадахгүй. Аливаа нэг зүйлийг эрх мэдлээр халхавчилж өөрсдийнхөө талд шийдүүлэхийг оролдож байгаа нь ёс зүйгүй хэрэг л дээ. Тийм учраас ийм хууль бус зүйлийг засч залруулах зөв гольдролд оруулах нь хийх ёстой ажлын нэг яах аргагүй мөн. Нэр дурдагдсан асуудлаар холбогдох байгууллагууд шалгах ёстой гэдэг дээр Ардчилсан нам санал нэг байгаа. Ялангуяа төрийн мөнгийг эрх мэдлээр дулдуйдаж хууль зөрчиж тараадаг, төрийн нэрийн дор танхайрдаг энэ бүх үйлдэл төрд байгаад байвал асуудал хүндэрнэ. Ерөнхийлөгч УИХ, УИХ-ын гишүүдийг татах тухай асуудлаар хуулийн төсөл санаачилсан, санал авахаар хүргүүлсэн байна лээ. Хэрвээ УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдсэн хариуцлагагүй үйлдэл нь нотлогдсон бол УИХ-ын гишүүнээс нь эргүүлэн татаж байх ёстой. Нэг үгээр хэлбэл, УИХ-ын гишүүний хуулийн хариуцлага хүлээх нь нээлттэй байх ёстой, хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй л байх ёстой. Ийм зарчим руу хүссэн хүсээгүй явах ёстой. Сүүлийн үед хэвлэл мэдээллээр хоёр хүний хоорондын харилцааны асуудлыг улстөрийн намууд руу шалтгаангүйгээр чихэх ийм бусармаг үйлдэл гарч байгаа. Хувь хүн өөрийгөө хамгаалж болно, тэгэхдээ энийг улстөрийн зорилгоор ашиглана гэдэг нь туйлын буруу үйлдэл гэж би хувьдаа үздэг. Одоо юу яригдаж байна вэ гэхээр салаавч үзүүлсэн нь туйлын буруу ёс зүйгүй гэх хэрнээ хүн зодсон гэмт хэргийг үгүйсгэх хаацайлах явдлыг Ардчилсан нам хэрхэвч хүлээн зөвшөөрч болохгүй. Салаавч үзүүлсэн байна уу, үзүүлээгүй байна уу, хэл амаар доромжилсон байна уу доромжлоогүй байна уу, тухайн УИХ-ын гишүүний ёс зүйтэй холбоотой асуудал. Хүн зодсон нь гэмт хэргийн шинтэй зүйл, энэ үйлдлийг ёс зүйтэй хутгах нь хамгийн гутамшиг. Тийм учраас эрчүүд учраа олох хэрэгтэй, тэгэхгүй сонин хэвлэлээр захиалгатай нийтлэл бичүүлээд гоншигноод байх хэрэггүй, асуудалд бодитой харах ёстой.
-Увсад нэр дэвших явцдаа архи, мөнгө тараасан МАН-ын гишүүдийн асуудлыг яагаад Ардчилсан нам араас нь санаа тавьж хөөцөлдөхгүй байна вэ?
-Увсын сонгуультай холбоотой асуудлаар нотлогдсон зүйлийг хаацайлж байгаа нь Тагнуулын ерөнхий газар хариуцлагагүй ажиллаж байна гэж үзэхээс аргагүй. Ардчилсан намын хувьд Тагнуулын ерөнхий газарт эрүү үүсгэсэн энэ асуудлыг нэг тийш болгох ёстой гэдэг шаардлага хүргүүлэх ёстой гэж бодож байна. Монголд хавтгайрсан хариуцлагагүй байдал, үүрэг биелүүлдэггүй байдал юунаас эхтэй вэ гэхээр төрийн эрх мэдэлд байгаа удирдах албан тушаалтан улстөрчдөөс эхтэй гэдгий байнга санаж явах ёстой. Хэрвээ бид өөрсдөө зөв байвал ард түмэн биднийг дагаад зөв амьдарч чадна.
-Чуулганаар Нийгмийн даатгалын тухай хууль, Халамжийн тухай хуульд тус бүр өөрчлөлт оруулахаар хэлэлцэж байна. Танай нам эл байгууллагыг яагаад босоо удирдлагатай болгох нэрийн дор улстөржүүлэх гээд байна вэ?
-Бодит жишээ авъя, хорооны Засаг дарга, хорооны хэсгийн зохион байгуулагч нар баахан хүнийг өөрийнхөө нэр дээр бичээд халамжийн мөнгөнөөс “хусаж” байсан зөрчил илэрсэн. Тийм учраас Халамжийн тухай хууль, Нийгмийн хамгаалийн тухай хуулийн хүрээнд босоо удирдлагатай байж, төрийн нэгдсэн бодлогоор халамжийн бодлогыг явуулахгүй бол орон нутагт нь эрх мэдэл өгөхөөр буруу тийшээ яваад байна. Үүний нэг хэсэг нь улстөржүүлж байна, нутгийн өөрөө удирдах ёс нь орон нутгийнхаа санхүү эдийн засгийн байдлыг өөрсдөө зохицуулж шийдвэр гаргадаг байгууллага байх ёстой болохоос биш нэг даргыг томилдог асуудал ерөөсөө биш. Тийм учраас асуудлыг зөв өнцгөөс харах, орон нутагт эрх өгчихсөн чинь хамаатан саднаараа дамжуулж нийгмийн халамжийн эд зүйл мөнгө төгрөгийг тараадаг, зарим нэгийг нь хулгай хийдэг үйлдэл хавтгайрсан учраас ийм хуулийн зохицуулалт хийж байгааг хаа хаанаа ойлгох хэрэгтэй.