Монголын буудлага спортын холбооны дэргэдэх Оюутан залуучуудын шигшээ баг эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцож байна. Үүнд, 2011 онд БНХАУ-ын Шинжинь хотноо болсон 26-р Универсиад их наадамд эрэгтэйчүүдийн багийн төрөлд мөнгөн медаль хүртэж байсан тамирчид болох ОУХМ Н.Баяраа (Лондонгийн олимпид оролцсон), ОУХМ Б.Бишрэл нарын шилдэг тамирчид багтсан бөгөөд багийн дасгалжуулагчаар ОУХМ М.Энхсайхан ажиллаж байна.
Нийт 14 хүний бүрэлдэхүүнтэй оролцож байгаа манай улсын баг тамирчид тэмцээний эхний өдөр хоёр алтан медаль хүртлээ.
Тэмцээний эхний өдрийн (09.05) эмэгтэйчүүдийн 10 метрийн 40 сум буудах хийн урт бууны охидын төрөлд ХУИС-н оюутан, “Грейт Парагон” группийн тамирчин ОУХМ Г.Нандинзаяа түрүүлж, алтан медаль хүртлээ. Тэрбээр үндсэн дасгалд 399 (100, 99, 100, 100) онож, шилдэг наймд нэгээр шалгарсан бөгөөд шигшээ буудлагад 104,4 оноо авч нийлбэрээр 503.4 оноогоор оюутны дэлхийн аварга болов. Мөн багийн төрөлд ОУХМ Г.Нандинзаяа 399 (1), ОУХМ О.Янжинхам 395 (13-р байр), ОУХМ Я.Заяа 390 оноо тус тус онож нийлбэр дүнгээр 1184 оноо авснаар багаараа алтан медаль хүртлээ.
Харин эрэгтэй урт буучид энэ өдөр 50 метрийн хэвтээгээс 60 сум буудах дасгалд ОУХМ Н.Баяраа 590 оноо, ОУХМ Б.Бишрэл 592 оноо, ОУХМ Х.Бямбабаатар 589 онож нийлбэр дүнгээр зургадугаар байр эзэлсэн байна.